Гишүүд эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох ёстой гэжээ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан байна. Мөн үүнээс гадна Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сүүлийн үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэх явцад иргэдийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлаар Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонсны үндсэн дээр гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн. Ингээд бүлгээс гурван шийдвэр гаргахаар тогтсон. Нэгдүгээрт, хүний эрхийг зөрчиж эрүүдэн шүүсэн нь ардчилсан Монгол Улсад байж болзошгүй үзэгдэл юм. Тиймээс эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох нь зүйтэй гэж МАН-ын үзлээ. Энэ асуудлаар УИХ Засгийн газарт чиглэл өгч Засгийн газар шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Мөн уг асуудалтай холбогдуулж УИХ-аас ажлын хэсэг гаргах хэрэгтэй гэж МАН-ын бүлэг үзжээ. Тодруулбал, эрүүдэн шүүсэн асуудал болоод хууль хүчний байгууллагатай холбоотой асуудлаар судалж, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл бэлтгэх ажлын хэсэг гаргах нь зүйтэй. Тиймээс УИХ-ын дарга ажлын хэсэг гаргах шийдвэр хэрэгтэй хэмээсэн байна.

Үүнээс гадна эрүүдэн шүүсэнтэй холбоотой асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн шийдлийг мөн гаргажээ.