Аав ууртай сэрэв!

ААВ СЭРЛЭЭ. Сэрэх, сэрэхдээ ууртай. Албан ёсных гэж тооцвол анхных биш хоёр дахь нь. Ажаад байх нь ээ, “Сэрэлт” кинонд гардаг ах ламтнаас ч ширүүхэн дүр төрх энэ удаад түүнээс цухалзав. Ажлаа хийцгээ л гэнэ. Арчаагүй гаруудыг зайлуул л гэв. Адилхан аавын хүүхдүүд алийг тэр гэх вэ, арай ч нэр цохож асуудлыг нэг рүү нь чиглүүлж бухсангүй, нийгмээр чичлүүлсэнгүй. Аав хүнээс л гарах ухаан бас араншин. Унтаад сэрэхэд хамаг юм нь ундуу, сундуй, салан задгай бол хэний ч уур хүрнэ. Гадаа түлээгүй, гэрт тоггүй байхад тоосон ч шинжгүй найран дундаа орчихсон сууж байвал аядуу зөөлөн нэгний ч уур хүрч, уушги сагсайна.

I

Ар гэрт гарсан асуудал аавын хамааралгүйгээр явах нь хомс. Бараг боломжгүй. Үүн шиг айл гэрээр төлөөлүүлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал гэдэг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёртоо л аавын энтэй. Хууль тогтоомжид хориг тавих, хэн нэгэнд уучлал үзүүлэх бусадтай хуваалцахгүй онцгой эрх нь түүнийх. Үндсэн хуулиараа ч ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, бэлгэ тэмдэг нь Төрийн тэргүүн. Энэ өнцгөөс Ерөнхийлөгчийн институц гэдэг засаглалын нэг салаа мөчир мөн үү гэвэл мөн. 1992 оноос хойш хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалтай явж ирсэн нь Монгол Төрийн бодит тодорхойлолт. Үндсэндээ өнгөрсөн хугацааны улс төрийн том шийдвэр, томоохон томилгоо бүр Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр хувьсгалын тохироо нь бүрдсэн гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Их, бага гэлтгүй ил тод нөлөөлөл үзүүлж, УИХ бүр Засгийн газрынхаа хийх ёстой ажлыг өмнүүр нь орж, төмөр зам барьж явсан нь саяхных.

Өнөөгийн Төрийн тэргүүн ч ийм замаар яваа. Өмнөхөөсөө эл нөлөө нь ихэссэн үү гэхээс лав багасаагүй. Өнөөдрийн УИХ, Засгийн газрын түвшинд өөрийнх нь “шошго”-той хэчнээн хууль тогтоогч, сайд ажиллаж байгааг жингийн туухайн дээр тавиад үзэхэд л ямар хэмжээний оролцоо, нөлөөтэй байгаа нь тодорхой харагдана. Уугуул бас ялсан намын дарга, Ерөнхий сайд нь яагаад парламентад суудалтай дөрвөн нам, эвслээс хоёрыг нь онцгойлж, сорчлоод Хамтарсан Засгийн газар байгуулсан нарийн шалтгааныг Ерөнхийлөгч чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрүүлээгүй байж таарна. Тэгэхээр “Бүх юм нь салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй. Найран дундаа ороод найрааны Засгийн газар болчих юм байна л даа. Тийм юм байхгүй шүү. Ажлаа хийцгээ” хэмээн бүгдийн толгойг гудайлган хэлсэн Ерөнхийлөгчийн үг нэг талаар УИХ, Засгийн газрыг чиглэсэн мэт харагдах ч нөгөө талаар өөрийнхөө шийдвэрт тавьж буй “дүн” юм.

Бүрэн эрхийнхээ тэн хагасыг элээхдээ шүүх, прокурорын бүтэц, удирдлагад гар дүрээгүй нь “гоё” имиж байж болох ч “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” тэргүүтэй үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-ын тогтоол хүртэл батлуулж, өөрөө нүүр царай нь болж яваагийн хувьд аль ч талаасаа Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гурав “халаас” нэгтэй нь хэн бүхэнд ойлгогдоно. Лав л “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл олгосон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын онцлоно лээ.

II

Тээр нэгэн жилийн өвөл. Улсаараа нүүрсний хулгайчийн эрэлд мордож, хууль хяналтын байгууллагаас нэр бүхий улстөрчийг АТГ-аас олон нийтэд нээлттэй зарласан ч тодорхой, тоймтой шийдэлд хүрч чадахгүй явахад тагнуул, цагдаа, прокурор, зэвсэгт хүчний удирдлага, Засгийн газрын гишүүдийг зэрэгцүүлж суулгаад жавтий хүртээж байлаа. Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг олгох цаг ойрхон ирснийг анхааруулж байв. Үр дүнд нь сайд явсан нэгнийг нүүрсний хамаг том уурхайн дарга найзынх нь хамт барьж, хориод шүүхээс ял ногдуулсан. 

Өөрөөр нүүрсний хулгайд нэр холбогдсон бусад нь сураг алдарсан. Хэдийнэ хил даваад гарсан нь ч байна, халдашгүй эрх ямба эдлээд өнөөгийн парламентад сууж байгаа нь ч бий. Зөвхөн нүүрснээс 40 их наядын хулгай хийсэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж асан намын дарга эрхэм гэхэд өдгөө Засгийн гишүүний “давхар дээл” нөмрөхийн сацуу эрчим хүчний реформын автор болохоор юун нүүрс манатай завгүй явна. 40 биш юм гэхэд ядаж дөрвөн их наядын хулгайн мөнгийг олж ирэх талаар хөөцөлдвөл улсын төсөвт нэмэртэй л юм, уг нь. Энэ байдлаараа тэрхүү их тоо нь бутархай мөнгөний хэмжээнд хүртлээ шалдаа буухад эрхэм сайд нүд цавчихгүй мэлзэнэ гэдэгт барьсан ч алзахгүй.

III

Жил бүр нэг юмны буруутныг хайдаг нь бидний гэм биш зан болов. Эхлээд Хөгжлийн банкны тонуулчдыг хайсан. Дараа нь нүүрсний хулгайчдаар амьсгалсан. Харин энэ удаагийнх УТАА. Олон жил хэлж, ярьж, бичиж, шүүмжилж ирсэн ч олигтой үр дүнд хүрээгүй эл асуудлыг хэсэгтээ намжаах гэж оролдсон нь сайжруулсан шахмал түлшний үйлдвэр. Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх үеийн шийдвэр, түүнийгээ “Засаг цаг-Засах цаг” нэвтрүүлгээр хангалттай гаргасан /мэдээж сайн талаас нь/ болохоор элдэв зүйлийг нэмж нурших нь илүүц. Түүхий нүүрсийг тас хориглож, сайжруулсан түлшээр нийслэлчүүдийг хангасаар өнөөдрийг хүрсэн нь цорын ганц үнэн. Утаа буурсан уу, буурсан.

Гэтэл тэр нь зүгээр амь аргацаах төдий шийдвэр байсныг нийслэлчүүд энэ өдрүүдэд голдоо ортол мэдэрч эхэллээ. Зайсанд хүртэл утаа үнэртдэг боллоо хэмээн чуулганы индрээс мэдэгдэж явсан гишүүд нь хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөхөөс өөрийг хийж чадахгүй л сууна. Зөвхөн утаа бууруулахад зарцуулахад хөрөнгийн хэмжээ нь хэдэн зуун тэрбумаар биш их наядаар хэмжигдэж буй ч утаа хэмээх сэдэв өмнөх шигээ буух эзэн буцах хаяггүй болж хаягдах тийшээ жигдрэв.

Нэгэнт нүүрс түлэхийг хориглосон, шахмал түлшнээс өөр сонголт нийслэлийнхэнд байхгүй. Гэтэл тэр нь агаарын бохирдлынхоо гол эх үүсвэр болсонд нийгмийн эгдүүцэл дээд цэгтээ хүрэв. Буруутныг хайж олсны үзүүрээс татах тусам хэн нэгний үед гаргасан шийдвэрт тулж очих нь мэдээж. Төсвийн байнгын хорооны дарга нь “Чи ямар хариуцлагагүй юм яриад байна. Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гэх юм” гэж хэлсэн болохоос биш шахмал түлшний үйлдвэрт хамаарах 1.1 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлж, Улсын ерөнхий прокурорт шалгуулахаар шилжүүлснээ Ерөнхий аудитор нь мэдэгдчихсэн. Үе үеийн дарга нар, энэ салбарын сайд нарт хамаарах мөнгөн дүн нь ийм. Утааг “ялсан” гэж өөрсдийгөө шагнасан ТУЗ-ийн дарга, гишүүдийнх нь урамшлуулалтай харьцуулах юм биш том тоо. 

Яг ийм нөхцөлд Ерөнхий сайд байхдаа хийж, хэрэгжүүлсэн бүхнийг цээжээрээ хамгаалдаг бас өмчирхдөг Ерөнхийлөгч өөрөө гарч ирэх зүй ёсны шаардлага тулгарав. Тэр нь ч ёсоор боллоо. Гурван жил утаагүй байснаас яагаад ийм нөхцөл байдалд орсныг УИХ-ын дарга тэргүүтэй Засгийн газрын гишүүдээс асуув. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын газрыг яагаад татан буулгасныг давхар лавлав. Хариулах хүн олдсонгүй. Эцсийн дүндээ УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдийг “хийморь”-ио сэргэтэл загнуулснаар холбогдох ажилдаа ханцуй шамлан орсон нэр зүүцгээх нь. Уг нь сайд, дарга нар нь хэнээр ч шахаж, шаардуулахгүйгээр хариуцсан салбарынхаа хэмжээнд дор бүрнээ хийх ёстой ажлаа хийх тухай л асуудал юм.

Заавал Ерөнхийлөгч нь өрөөндөө дуудах замаар зандарч, сүрийг үзүүлж байж сая хөдөлгөөнд орж буй нь Монголын Төрийн чадамж мөн үнэлэмж шалаар нэг тарж эхэлсний илрэл. Ерөөс асуудлын зангилаа хүндээ, хуульдаа биш ердөө л хариуцлага гээчийг огт ухамсарлаагүй, ухамсарлахыг ч хүсдэггүй Төрийн уураг тархинд л байна. Үүнийгээ ойлгож, ухамсарлаагүй цагт Ерөнхийлөгчийнхөө өрөөнд өдөр бүр өргөтгөсөн байдлаар хуралдсан ч тоймтой шийдэлд хүрэхгүй, тогоон дотроо хэрэлдсээр дуусна.

С.Гандөл