Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 110 мянган амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна. Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулна. ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд 08:30-21:00 цаг, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл ажиллана. Тиймээс иргэд өөрт хамгийн ойр ӨЭМТ-д хандаж, тухайн өвчлөлд тохирсон эмчилгээ, үйлчилгээг авах боломжтой юм.

Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх орны тоог хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар амьсгалын замын өвчлөл өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж байна. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нийт өвчлөлийн 50 хувийг эзэлж байгаа учраас хүүхдийн орны ачаалал өссөн. Тиймээс Эрүүл мэндийн яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас орны тоог нэмэхийн тулд тодорхой зохицуулалтууд хийж байна. НЭМГ-ын харьяа 10 байгууллага дээр нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Сүхбаатар Эрүүл мэндийн төвийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 100 ор дэлгэсэн. Удахгүй дахин 100 ор нэмэхээр төлөвлөж байна. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа 4, бусад яамны харьяа 4 эрүүл мэндийн байгууллага дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ор нэмэлтээр дэлгэлээ. Цаашид орны тоог нэмэгдүүлэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсаар байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Ахмад, хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаатай холбоотойгоор тус эмнэлэг дээр хүүхдийн ор дэлгэх, Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны ахмадын эмнэлэг дээр хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орыг дэлгэж ажиллуулахаар бэлтгэл болон хөрөнгө оруулалтыг шийдэж байна” гэлээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-ын мэдээллийн дагуу ӨЭМТ-ийн эмч нар өвчтөнтэй эргэх холбоотой ажиллана

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 2600 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 91 гаруй хувь нь амьсгалын замын шалтгаантай өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн 103 утасны дуудлагын тоо эрс нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 10.688 дуудлага бүртгэгдсэнээс 18.5 хувь нь амьсгалын замын томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар очиж, оношилгоо, эмчилгээ хийсний дараа ӨЭМТ рүү тухайн өвчтөний мэдээллийг шилжүүлж байна. Ингэснээр түргэн тусламжийн төвийн буюу 103-ын эмч нарын шилжүүлсэн мэдээллийг ӨЭМТ-өөс хүлээн авч, тухайн өвчтөнтэй эргэх холбоотой ажиллах юм. ӨЭМТ-өөс өвчтөнтэй холбогдож, шаардлагатай бол гэрээр очиж эмчилгээ хийх, өдрийн эмчилгээнд нь хяналт тавих чиглэл баримталж байгааг НЭМГ-аас онцолж хэллээ.