Т.Сүхболд: Гадаадад эрэн сурвалжилж байсан 30 этгээдийг авчирсан
Х.Тэмүүжин: Нууцлах байдлаар явбал зовлон үүснэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон хүний эрхтэй холбоотой асуудлаар зарчмын байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр "Манай цагдаагийн байгууллага хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд барууны хүний эрхийг, хуулийн засаглал руу ойртчихсон хүний эрхийг эрхэмлэдэг энэ улс орнуудтай хамтын гэрээ байгуулах нь зохимжтой бөгөөд илүү соёл солилцох, арга барил сайжрах, хүний эрхийн мэдрэмжтэй болоход их чухал гэж хараад үүнийг дэмжээд байгаа юм. Тухайлбал, одоо энэ гэрээний 1 дүгээр зүйл дээр ингэж орж ирж байгаа байхгүй юу. “Нийтийн хэв журмыг сахиулах” гэдэг үг. Нөгөө англи болон монгол үгнүүдээ хадаад харахаар манайхан ихэнхдээ юу гээд биччихдэг вэ гэхээр “нийгмийн дэг журам” гэдэг үгээр илэрхийлэх гээд байдаг. Тэгээд хүний эрх эрх чөлөөг хязгаарлах болон хүний хувийн өмч, өөрийн бие, гэр орон руу халдахдаа энэ зүйлээрээ хэмжүүр болгоод дайрах гэж оролддог. Гэтэл одоо арай соёлт улс орнуудтай гэрээ хэлцэл хийхээр нөгөөдөх нь “олон нийтийн” буюу “заавал хүн байх ёстой” гэдэг юм шаардаад эхэлж байгаа байхгүй юу. “Нийгэм” гэж хиймэл хоосон, хэмжигдэхэд төвөгтэй тогтолцоо биш “нийтийн” буюу “олон нийтийн хэв хэв журам” гэх мэтчилэн нь олон хүний, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, эсвэл хүнтэй холбоотой асуудлыг шийдэхэд энэ хууль сахиулах LAW ENFORCEMENT хийж байгаа, гэмт хэрэгтэй тэмцэж байгаа чиг үүрэг чинь байгаа шүү гэдгийг тодорхойлох боломжтой болж эхэлж байгаа юм. Яг үүнтэй адилхан түрүүн Х.Баасанжаргал гишүүн асуулаа.
Нөгөө соёлт гэж хэлж болох улсуудад чинь мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц гээд бүр хавтгайрсан тийм нууц ерөөсөө байхгүй. Ямар нууц байна вэ гэхээр хэрвээ гэмт хэргийг илрүүлэх, түүнтэй холбоотой тактик юм уу, эсвэл үйл ажиллагаа нь нууц байгаа бол энэ бол албаны нууц. Албаны нууцыг чинь хадгалах үүрэг бол тэр албанд ажиллаж байгаа юм уу, эсвэл тэр албаны үйл ажиллагааг мэдэж байгаа эрх бүхий этгээдүүдтэй хамаатай болохоос биш хүн болгон руу халдааж хэрэглэж болохгүй зүйл. Мөрдөн шалгах үйл ажиллагаанд нууцалсан мэдээ баримт гэж байгаа бол тэр чинь шүүхийн анхны хэлэлцүүлэг хүртэл нууцлагддаг.
Жишээ нь, нууцалсан гэрч, эсвэл нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугласан мэдээлэл гэх мэтчилэн цөөнхөн хэдхэн зүйл байна. Тэр чинь байнгын нууц байхгүй. Шүүх рүү очсоныхоо ар дээр заавал ил болох ёстой. Эсвэл шүүх хаалттай хэлэлцэж байсан ч гэсэн тэр мэдээллийн эх сурвалж чинь нөгөө талдаа ил болж байх ёстой шүү гэдэг шаардлагуудыг тавьж эхэлж байгаа юм. Тэгэхээр энэ орчин үеийн шаардлагад нийцсэн үг хэллэгээр оруулахгүй бол манайд нууцалдаг юм гээд нууцлах байдлаар явах юм бол бас зовлон үүснэ. Хоёрт нь, ер нь мөрдөн шалгах үйл ажиллагааны нууцтай холбоотой эрүүгийн хуулийн тэр заалтыг сайжруулах, өөрчлөх шаардлага үнэхээр байгаа юм билээ. Тэгээд тэр чиглэлийн өөрчлөлт орж ирэх байх. Тэр өөрчлөлттэй одоо энэ гэрээний нөхцөл байдал чинь бас зөрчилдөх вийм гэж болгоомжилж хэлж байгаа юм.



