"Зээлийн хүүг 2-4 хүртэлх нэгж хувиар бууруулна"

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугараас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Төсөл санаачлагч гишүүн илтгэлдээ, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлснийг дурдав.

Мөн тэрбээр, Банкны салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их наяд төгрөгт хүрч, 2011 онтой харьцуулахад 7 дахин өссөн байна. Банкны системийн чанаргүй зээлийн түвшинг харгалзан санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна гээд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа бөгөөд Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. Энэхүү их өгөгдлийг үр ашигтай ашиглах, зээлдэгчдийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжийг одоогийн үйлчилж буй хуулиар бүрэн зохицуулагдаагүй байгааг танилцуулгадаа онцолж байлаа.

Санхүүгийн үйлчилгээний хамгийн таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртэхээс гадна санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг нөхцөлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг барьцаанд тулгуурлаж биш их өгөгдөл, дэвшилтэт технологи ашиглан тогтоож, уян хатан нөхцөлтэй, зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг Э.Батшугар гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төсөлд зээлдэгчийн зээлжих чадварыг тогтоох нэгдсэн онооны аргачлал, журам батлахаар шинэ зохицуулалт тусгаж, зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд зургаан жилээр тусгах зохицуулалтыг зургаа хүртэлх болгож өөрчилсөн. Олон улсын сайн жишгийг дотоодоо нэвтрүүлэх зорилгоор Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүүг 2-4 хүртэлх нэгж хувиар бууруулж, зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана. Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн шаардлагыг 10 хувиар бууруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг санхүү, эдийн засгийн таатай нөхцөлүүдийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байлаа.