Н.Учралын байр суурийг Ерөнхий сайдын бодлого гэж ойлгох хэрэгтэй!
Н.Учралын байр суурийг Ерөнхий сайдын бодлого гэж ойлгох хэрэгтэй!
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуэльд дуудав. Дуудах гэхээсээ Засгийн газрын гал тогоог зангидаж буй “эзэгтэй”-н хувиар боловсон сануулга өгсөн нь тэр. Шалтгаан нь маш тодорхой. Төв аймгийн Баян сумын нутагт оршдог Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод хамаарна. Улаанбаатарын хаяанд 130 км-ын зайтай оршдог эл ордын нөөц 3 тэрбум тн-ноор хэмжигддэг. Урьдчилсан таамгаар шүү дээ. Нөөцийг нь нарийвчлан тогтоовол үүнээс давсан үзүүлэлт гарах магадлал нь өндөр. 1983 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, стратегийн орд газарт Төрөөс хувь эзэмших эсэх асуудал яригдах нь тодорхой гэсэн үг.
Сайд Н.Учралын хэлснээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас стратегийн 16 ордын хил хязгаарыг тогтоох асуудлаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийжээ. Үүгээр 39 ордыг стратегийн жагсаалтад нэмж оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болжээ. Хугацаа нь энэ долоо хоногт. Үндсэндээ тогтоолын төслийг УИХ-аар батлуулсан тохиолдолд стратегийн орд газар 55 болж нэмэгдэх юм. Тэр хэрээрээ эдгээр ордоос иргэд ашиг хүртэнэ.
Сонирхолтой нь, стратегийн орд газарт шинээр оруулах жагсаалтад “Төгрөг нуур” хамаарахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү ордын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Төгрөг Энержи” компани эзэмшдэг бол хэзээ, хэрхэн хувьд шилжсэн түүх нь Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай шууд холбоотой гэсэн яриа эртнээс явж ирсэн байдаг. Н.Учрал сайдын тухайд Ерөнхийлөгч асан уг ордыг бусдад зарсан нь үнэн гэдгийг шулуухан хэлсэн. Зарах, зарахдаа Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан гэж байгаа юм.
Х.Баттулга 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, Төрийн сайд, Улсын Ерөнхийлөгчийн энд хүрсэн нэгэн. Харин Н.Учралын тухайд 2016 оноос УИХ-ын гишүүн, өдгөө Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна. Аль, аль нь намдаа, нийгэмдээ танигдсан авторууд ч Н.Учрал бол Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн ахлагч. Хамтарсан Засгийн газрын бодлогыг зангидаад зогсохгүй, стратегийн орд газраас хувь эзэмших хэлэлцээрийг ахалж буй. Хэрвээ Х.Баттулга, Н.Учрал нар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хоорондоо орд газар зарсан эсэх талаар мэтгэлцээн өрнүүлсэн бол өөр хэрэг. Асуудал үүслээ гэхэд УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гээд займчуулаад өнгөрөхөд болохгүй гэх газаргүй.
Гэхдээ энэ удаагийнх өөр. Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх гол ажлыг нугалах үүрэг нь энэ Засгийн газарт бий. Хоёрдугаарт, хувь, хувьсгалынх хамаарахгүйгээр стратегийн орд газарт Төр эзэмшлээ тогтоох нь үнэн л юм бол хэнийг ч ялгахгүйгээр хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх нь зүй. МАН, АН, манай, танай, УИХ-ын гишүүн, сайд, Улсын Ерөнхийлөгч байх, байсан эсэх нь хамаагүй. Гуравдугаарт, Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг. Хууль бол хууль гэдэг зарчмаар явах нь зүй. Гол ялгаа нь ийм.
Тэгэхээр Хэрэг эрхлэх газрын даргын гишүүн Х.Баттулгад хаягласан хугацаатай боловсон сануулгыг дан ганц Н.Учрал гэсэн хувь улстөрчийн байр суурь гэж харах боломжгүй. Засгийн газар, Ерөнхий сайдын баримталж буй зарчим гэвэл үнэнд илүү нийцнэ. “Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан энэ олон компаниудтайгаа өөрөө учраа олж, хутгасан асуудлаа нэг талд нь гаргаж шийдвэрлэх долоо хоногийн хугацаа өгч байна. Шийдэж чадахгүй бол Засгийн газар хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээгээ авна" хэмээн мэдэгдсэн нь зөвхөн Н.Учрал сайдын үг биш Ерөнхий сайд, танхимынх нь баримтлах бодлого энэ чиглэл рүү явна аа гэсэн санаа.
Энгийнээр хэлэхэд чөлөөт зах зээлийн нөлөөнд өмч хувьчлалын их давалгаа эхэлсэн 1990 оноос хойш хувь, хувьсгалын замаар хөрөнгө оруулалт татаж, хийж энэ хүрсэн стратегийн орд газрын тоог шинэчилж, 55-д хүргэхээс гадна Төрийн эзэмшил тогтоох энэ Засгийн газрын зарчим хүний өөрийн гэлтгүй хэлэлцээрийн ширээнд чиглэл рүү явах нь ийн тодорхой болж байна. Эдгээр дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогдож ирсэн “Төгрөг нуур”-ын ордыг оруулахаар болсонд л асуудлын учиг оршиж, асуулт, анхаарлын тэмдгийг хоршуулан тавихад хүргээд байгаа хэрэг. Хэрхэхийг цаг хугацаа л харуулна.
Г.Эрхэс




