Д.Амарбаясгалан: Малчид Төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоо бүрдэнэ
Д.Амарбаясгалан: Малчид Төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоо бүрдэнэ
“Шинэ хоршоо” хөдөлгөөний үр дүнгийн талаарх гишүүдийн асуултад “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал хариулахдаа “Таван жил үргэлжлэх төлөвлөгөөтэй энэ хөдөлгөөн өрнөсөн эхний жилдээ хугацаанд 21 аймаг, 330 сумын 193 мянган малчин өрх буюу 300 мянга гаруй малчинд хүрч ажилласан. 6 хувийн хүүтэйгээр 798 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ. Зээл авсан малчид маш хариуцлагатай, санхүүгийн сахилга баттайгаар зээлээ төлж байгаа. Өнөөдрийн байдлаар хуваарийнхаа дагуух төлөлтөөр 20 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна” гэв. 2024 онд 8000 гаруй хоршоо татварын тайлангаа өгсөн бөгөөд 402 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан учраас 570 орчим төгрөгийн татвар төлсөн гэдэг мэдээлэл өгсөн. Шинээр байгуулагдсан хоршоодод одоо зээл авах боломж бий эсэхийг тодруулахад холбогдох шаардлагыг хангасан хоршоо зээлээ хэвийн аваад явж байгаа хэмээн хариулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогын томоохон өөрчлөлт хийх, боловсон хүчнээ шинэчлэх тал дээр анхаарал хандуулахыг гишүүд хэлж байв. Мал аж ахуйн орон атлаа иргэд нь жилийн ихэнх хугацаанд нөөцийн, хөлдөөсөн мах хүнсэндээ хэрэглэдэг тогтолцоог өөрчлөх саналаа Д.Амарбаясгалан дарга хэлээд “Шинэ хоршоо хөдөлгөөний гол зорилго нь малчид урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл аваад, боломжоороо үйл ажиллагаагаа өргөжүүлээд, төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоог бүрдүүлэх юм” хэмээв.
Үр дүнтэй бодлого, арга хэмжээгээ бүх шатандаа дэмжин хэрэгжүүлж, хамтран ажиллаж илүү бүтээмжтэй, бүх тал харилцан ашигтай, өгөөжтэй байх нь чухал гэдгийг тэмдэглэж байв. Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлэхээс өмнө малчид жилийн 24 хувийн хүүтэй зээл авах л боломжтой байсан нь салбарын хөгжил, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байсныг хэлэв. Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдсэнээр бизнес эрхлэх боломжтой болсон хэмээлээ. Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчийн 4 нь хүний нэг тутам нэг нь мал ахуйн салбарт ажилладаг, “Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт болох 798 тэрбум төгрөгийг хуваахад нэг малчинд 2.6 сая төгрөг ногдоно гэдэг тооцооллыг хэлж байв. Үр дүнгийн талаар ярихад эрт байгаа хэдий ч зорилтот бүлэгтээ хүрч буй эсэхэд тал бүрдээ хяналт тавьж ажиллах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан.







