Д.Амарбаясгалан: Малчид Төрөөс хамааралгүйгээр аж амьдралаа авч явдаг бололцоо бүрдэнэ
Г.Занданшатар: Мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 600.0 сая ам.долларт хүрсэн
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Тэрбээр салбар бүрээр мэдээлэл танилцуулсан бөгөөд эхлээд мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар танилцуулав. Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 19.0 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байгаа бол бод малын төллөлт үргэлжилж байгаа гэв. Урьдчилсан төлөвөөр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй байгааг Г.Занданшатар сайд танилцуулсан.
Мал эмнэлгийн хаврын үйлчилгээ, арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 60.0 сая толгой мал хамруулахаас 58.4 сая толгой мал хамруулж, гүйцэтгэл 97.0 хувьтай байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 46.2 сая толгой мал, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 4.2 сая толгой малыг хамруулж, гоц халдварт өвчний голомтын тоог 49.0 хувиар, халдварын гаралтыг өмнөх оны мөн үеийнхээс 98.0 хувиар бууруулсан үзүүлэлттэй байгаа гэв.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар Ерөнхий сайд үргэлжлүүлэн танилцуулсан. Энэ оны хаврын тариалалтыг нийт 650.1 мянган га-д хийхээр төлөвлөснөөс зургаадугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 479.5 мянган га-д тариалалт хийж, 74.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Тухайлбал, урьдчилсан байдлаар 300.1 мянган га-д үр тариа, үүнээс 264.8 мянган га-д улаанбуудай, 12.1 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 32.2 мянган га-д малын тэжээл, 126.3 мянган га-д тосны ургамал нийтдээ 479.5 мянган га-д тариалалт хийгдэж байна. Үр тариа, төмсний тариалалт дууссан, малын тэжээл, хүнсний ногооны тариалалт хийгдэж байгаа юм байна. 2024 оны намрын ургацаас 40.5 мянган тонн хүнсний улаанбуудайг хүлээн авч, нийт 70.7 мянган тонн стратегийн нөөцийн хүнсний улаанбуудай, есөн сортын 5.5 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцийг тус тус бүрдүүлжээ.
Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 361.2 мянган ширхэг төмөр бетон шонг нийлүүлж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд 80.0 мянган га тариалангийн талбайг хашаажуулах ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Мөн хөргөлттэй агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 200-500 тонн багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорины барилга, 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 10 га талбайд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн газрыг байгуулж байгаа аж. Мөн Г.Занданшатар сайд газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, үр бордоог дамжуулан борлуулах үйлчилгээг нэвтрүүлсэн талаар, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэлтийн талаар дурдсан.
Ерөнхий сайд мэдээллээ хүнсний үйлдвэрлэлийн талаар үргэлжлүүлэв. Хүнсний боловсруулах үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого 2024 онд 10.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 7.25 хувиар өссөн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувийг эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд 17 аймгийн 25 суманд хоногт 904 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 88 үйлдвэр, цех болон сүү хүлээн авах 82 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлын 50 гаруй хувийг ашиглаж, 150.3 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан гэв. 940 мянган тонн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр, цех байгаагаас ес нь тогтмол үйл ажиллагаа явуулж, нийт хүчин чадлын 30.0 хувийг ашиглаж байгаа аж.
2024 онд 148.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, гурилын хэрэгцээний 59.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан үзүүлэлт гарлаа.
Энэ ташрамд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 600.0 сая ам.долларт хүрснийг тэмдэглэсэн. Цаашид мах, махан бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэхэд онцгой анхаарч, эдийн засаг, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлнэ гэв. Үргэлжлүүлэн тэрбээр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулсан нөөцийн мах бэлтгэл, сүү боловсруулах үйл ажиллагаанд оролцсон малчин, фермерт олгосон урамшууллын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.







