Д.Амарбаясгалан: УИХ-ын эрхийг Геологийн албад шилжүүлэхээр орж ирсэн байна

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “16.3.Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд арилжих журмыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар батална” гэсэн зохицуулалттай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Аливаа харилцааг журмаар зохицуулахаас татгалзах зорилгыг төр тавьж байгаа. Хуулиас давсан эрхийг хэрэгжүүлэх гэж журам баталж, үр дүнд нь авлига, хүнд суртал бий болдог. Үүнийг өөрчлөхөөр Улсын Их Хурал зорилго тавьж, стратеги батлаад ажиллаж байхад хуулийн төсөлд “журмаар зохицуулна” гээд, Улсын Их Хурлын эрхийг Геологийн албад шилжүүлэхээр орж ирсэн байна. Энэ чинь л буруу. Анхан шат, дунд шатны албан тушаалтнууд хэм хэмжээ тогтоох эрхийг авдаг энэ байдлыг таслан зогсоо” хэмээгээд холбогдох нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах ёстой гэдэг байр суурь илэрхийлэв.

Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Л.Мөнхбаясгалан нар үг хэлсэн. Төсөл дэх уул уурхайн бүтээгдэхүүний баяжуулалт, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээж, экспортлох зорилгоор дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрт уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжих боломжийг нээж буй зохицуулалтыг дэмжиж байгаагаа онцолсон бол олон улсын худалдааны нөхцөлөөр борлуулах, үнийн асуудалд анхаарал хандуулах, зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой асуудлыг зохицуулах төсөл хэдий ч Улсын Их Хурлын гишүүдийн хөндөж буй олон асуудлыг цэгцлэх, нягтлах шаардлагатай учраас ирэх Даваа гарагт бүлгүүд уг асуудлын талаар бүлгийн хурлаараа хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэв. Иймд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт 2025 оны 4 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.