Нэг л мэдэхэд хоёр саяулаа...
Шүүмжлэл, эсэргүүцэлгүй шинэчлэл гэж аль ч нийгэмд үгүй. Таалагдах хэсэг байхад таахалзаад суух зарим нь бий. Тэр тусмаа Төрийн байгууллагад, түүнийг бүрдүүлдэг дунд шатныханд. Үр дүнд нь нэгээс нөгөөд, хорооноос дүүрэгт, дүүргээс агентлаг, агентлагаас яамыг зорих иргэдийн урт дарааллын сүүдэрт Төрийн хүнд суртал даамжирч, даам гарч асан нь саяхан. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэж үнэн ажээ.
2019 онд Эстонид айлчилсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй “Цахим Монгол” төслийн багийнхан тус улсын e-Governance Academy-тай танилцаж, харилцан туршлага солилцож байв. Улмаар “E-Mongolia” платформын суурийг тавьж, 2020 оны аравдугаар сарын 2-нд нээснээр 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулж байлаа. Автор нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэг.
Харин өнөөдөр энэ тоо хэд дахин “дабль”-даж 88 байгууллагын 1264 үйлчилгээг цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь ашиглаж, нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авчээ. 88 хувь гэдэг нь “E-Mongolia” платформ хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрсэн үзүүлэлт юм. Үүгээр зогсохгүй бичиг цаас, бусад зардлын өртөг 1.4 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгийг өнгөрсөн хугацаанд хэмнэсэн гэсэн үг. Үндсэндээ Төр биш иргэн төвтэй, хүнд сурталгүйгээр үзүүлэх үйлчилгээний шинэ соёлын үр Монгол Улсад хэдийнэ нутагшиж эхэлсний илрэл нь цахим шилжилтийн нөлөө.
НҮБ-ын цахим засаглалын индексээр Монгол Улс 2020 онд 92 дугаар байрт жагсаж байсан бол 2024 онд 46, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь бодит үр дүн. Гэхдээ энэ нь тайвшраад суух шалтгаан биш. Төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох бодлого барих нь энэ Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг цөм. “20 минутын хот” хөтөлбөрийн үндсэн зорилго ч үүнд буюу цахим засаглал руу чиглэж буй.
Таван жилийн өмнө цахим засаглалынх нь туршлагыг нэвтрүүлсэн Эстони Улсад гэхэд хүнд суртал гэж байдаггүй. Гэрлэх болон үл хөдлөхөөс бусад бүх үйлчилгээг цахимаар авдаг учраас Төрийн албан хаагчдыг харж, олон бичиг баримт цуглуулах шаардлага гардаггүй. Иргэний бүх мэдээлэл нэгдсэн мэдээллийн санд байдаг болохоор Төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг. Өөрөөр хэлбэл, иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан нь энэ. Эстонийн иргэд гэрээсээ төрийн бүх үйлчилгээг авдаг туршлага нь ердөө л ийм.
Үүн шиг “E Mongolia” платформын хэрэглэгчийн тоо нэг л мэдэхэд хоёр саяулаа болов. Хэрэглэгчийн тоо өсөх тусам, Төрийн байгууллагын үйлчилгээ “E-Моngolia” руу орж шилэн болох тутамд хэмнэх мөнгөний хэмжээ өсч, зардал буурна. Эцсийн дүндээ нэг л мэдэхэд бид Төрийн бүх үйлчилгээг гэрээсээ авдаг болох нь. Яг л Эстонийн иргэд шиг.
Г.Эрхэс


