Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шатаар 45 га талбайд 462 айлын орон сууцыг барина. Хоёр дахь үе шат 33.8 га талбайд 2338 айлын орон сууцыг барина. Нийт 5000 айлын орон сууцыг Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 2028 онд барихаар төлөвлөж байна. Төслийн эхний үе шат Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамрах 45 га талбайд хэрэгжинэ. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.5 га талбайд 462 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ зун ашиглалтад оруулах юм.

Баянхошуу хот орон сууцжуулах төслийг Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар хэрэгжүүлж байна. Баянхошуунд 5000 айлын орон сууц барьснаар 5000 янданг буулгаж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт, усны хэмнэлт, халаалтын хэмнэлтийг шийдэж өгсөн үр дүнтэй төсөл байх юм. Өөрөөр хэлбэл, саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлогтой.