ХЭҮК-оос дараах саналуудыг дэвшүүлэв

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг Хүний эрхийн үндэсний Комисс (ХЭҮК) Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 01-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус илтгэлийг зургаан бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар нийт 45 саналын хамт ирүүлсэн юм. Илтгэлийг хэлэлцсэний үндсэн дээр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шийдвэр гаргаж, ХЭҮК-оос ирүүлсэн саналуудыг холбогдох Байнгын хороодод хуваарилан шилжүүлсэн юм. Эдгээрээс Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх дөрөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн асуудлаарх тавдугаар бүлгийн нийт 13 саналыг Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Дөрөвдүгээр бүлгийн дөрвөн саналыг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул танилцуулав. Тэрбээр олон нийтийн сүлжээ, цахим технологийг ашиглан үйлдэгдэж байгаа хүчирхийллийн гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар товч танилцуулж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр оруулж буй саналуудыг дурдав. Үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд энэ төрлийн гэмт үйлдэлтэй үр дүнтэй тэмцэх шаардлагыг хангахуйц нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуулийн 14.1 ялгаварлан гадуурхах, 10.4 хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, 11.7 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.1 хүн худалдаалах, 13.5 заналхийлэх, 13.12 хууль бусаар мөрдөж, мөшгих зэрэг гэмт хэргүүдийн хүндрүүлэх нөхцөл байдалд цахим орчныг ашиглан үйлдсэн шинжийг нарийвчлан тусгах, технологи, цахим орчин ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийг мөрдөн шалгах, цахим нотлох баримтыг илрүүлэх, бэхжүүлэх, үнэлэх аргачлал боловсруулж, үе шаттай сургалт явуулах замаар цагдаагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, урьдчилсан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудад зориулсан мэдээлэл, нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөж, бүх талуудыг оролцуулан хэрэгжүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлсэн юм.

Тавдугаар бүлгийн есөн саналыг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан танилцууллаа. Тус Комисс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлгийн хүчирхийлэлд өртөн хохирч буй хүүхдүүд, тэдний эрхийн асуудлаар дараах саналыг гаргажээ.

1. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн статистик мэдээллийг нарийвчлан бүрдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл буюу криминологийн судалгааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бүх байгууллагын төлөөллийг оролцуулан дэлгэрэнгүй хийх, судалгааны үр дүнг үндэслэсэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх арга хэлбэрийг шинэчлэх;

2. Педофил буюу бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж таашаал авдаг гаж зан үйлийн эмгэгтэй гэмт хэрэгт холбогдогчид сэтгэцийн шинжилгээ хийх журам, энэ төрлийн эмгэгийг оношлох, эмчлэх, эмгэгтэй хүнд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

3. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийг хамгаалсан, дахин хохирохоос урьдчилан сэргийлсэн тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулах;

4. Насанд хүрээгүй болон бага насны хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг мэргэжлийн, бэлтгэгдсэн сэтгэл зүйч эсвэл нийгмийн ажилтнаар ярилцлага хийлгэх замаар дагнан, нэг удаа, чанартай, шуурхай явуулж, үүнийг дуу, дүрсний бичлэгээр баримтжуулж нотлох баримтад тооцох хуулийн зохицуулалтыг бий болгох;

5. Хүүхдээс гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн газраас өөр хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй орчинд авах зохицуулалтыг хийх;

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч хүүхэд заавал өмгөөлөгчтэй оролцох эрх зүйн зохицуулалтыг сэргээх;

7. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд учирсан хохирлыг заавал тодорхойлж, тогтоох, тэр дундаа нөхөн сэргээх, сэтгэл заслын зардлыг хэргийн хамт шийдвэрлэдэг болох, хохирлыг эхний ээлжид төрөөс гаргаж, төр гэм буруутай этгээдээс дараа нь гаргуулдаг байх зохицуулалтыг хийх;

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын тогтолцооны хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч, хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газрын оролцоог нэмэгдүүлэх;

9. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт гагцхүү мэргэшсэн, тусгайлан бэлтгэгдсэн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шинжээч, мөрдөгч, прокурор, шүүгчийг оролцуулах.

Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа бид охид, хүүхдүүдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалж чадахгүй байна, хүчирхийлэгчийг зарлахгүй байна, харин ч эсрэгээр хамгаалаад байна гэж үзэж байгаагаа хэлээд, санаатайгаар хүчирхийлэл үйлдэж байгаа том хүмүүс, санамсаргүй бэлгийн харьцаанд орж буй хүүхдүүдэд хүлээлгэх хариуцлага, ял шийтгэлийг ялгамжтай байх ёстойг дурдав. Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэх үед хэлсэн үгээ тайлбарлаж, олон улсын практикт хэрэглэгдэж байгаа бэлгэ эрхтнийг ажиллагаагүй болгох үйлчилгээтэй тарианы тухай, түүнийг хэрэглэх талаар судалж буй эсэхийг асууж, ХЭҮК-ын гишүүдээс хариулт авсан юм. Түүнчлэн нийгмийн сүлжээнд хуурамч хаяг хэрэглэн гэмт хэрэг үйлдэх явдлыг таслан зогсоохын тулд иргэний бүртгэлтэй холбох нь зүйтэй гэсэн санал хэлж, Комисс дараагийн 25 дахь илтгэлдээ хүүхдүүд осол гэмтэлд өртх явдал их байгаатай холбогдуулан хүүхдийн амьд явах эрх хангагдаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээсэй гэж хүслээ.