“Хос тамга”-тай Н.Учралаас бид юу хүлээх вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын Тэргүүн Шадар сайд явсан Н.Учрал МАН-ын дарга, парламентын спикер гэсэн хос тамгатай боллоо. Монголын улс төрд ердөө тав хоногийн зайтай болж өнгөрсөн, мөн өрнөсөн энэхүү үйл явц мэдээж намынх нь шийдвэр байв. Н.Учралыг даргаар сонгохыг МАН дотроо ч, УИХ-ын танхимд ч олонхоороо ийнхүү дэмжсэн гэсэн үг. Энэ хооронд сөрөг хүчин АН-ын зүгээс намын дарга хүн парламентын толгойд сууж болохгүй гэсэн улс төрийн акц өрнүүлсэн бол МАН-ын зарим гишүүн “Ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой” гэсэн агуулгыг хэдэнтээ түгээж амжлаа. Гэхдээ улс төр гэдэг улс төр л байдаг. Тэр бүгд нь ардаа ямар нэгэн зорилготой, эрх ашигтай, шалтгаантай. Гагцхүү олонхын шийдвэр яаж гарна тэрийг дагана. Н.Учралыг МАН-ын даргаар сонгоод зогсохгүй УИХ-ын даргаар томилсон нь ийм учиртай, ерөөс олонхоороо шийдсэн хэрэг.

Сонирхолтой нь, намын дарга болохдоо нэн тэргүүнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ ил тод зарласан тэрбээр энэ удаад ч хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой гэдгийг парламентын спикерийн индрээс мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр хүнд гишүүн нь гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Халдашгүй дархан эрхээс болж унаж байгааг хүлээн зөвшөөрөв. Үндсэндээ УИХ-ын гишүүн халдашгүй эрхээр халхавчлахаас илүү ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим энэ парламентад нэн тэргүүнд хөндөгдөх нь. Ингэхдээ, 

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учраас эдгээр дөрвөн зорилтыг УИХ-ын даргын хувьд баримталж ажиллахаа Н.Учрал онцлов. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын дарга байхаас үл хамаарч Үндсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн ялгаварлалгүйгээр, эрх тэгш хүндэтгэлтэй хандах, бусдаасаа илүү эрх эдлэхгүй гэдгээ мэдэгдсэн анхны спикер нь тэр болов. Хурал даргалж, дэг сахиулах нь УИХ-ын даргын үндсэн үүрэг болохоос гишүүдийн санал, байр суурь, олонхын шийдвэр нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш гэдэг мэдээж үнэн. 

Алх барьж, хууль баталдгаас бусдаар бусад гишүүний адил ард түмнээс сонгогддог л нэгэн. Нэг ёсондоо хууль тогтоох дээд байгууллагын танхимд улс төрийн нам, нас, хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй. Илүү, тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар биш. Улс төрийн намын бус улс орны, ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлагад тулгуурлаж хуулийг хэлэлцэн батлах нь онцгой үүрэг гэдгийг ямар нэгэн салаа утгагүйгээр мэдэгдлээ.

Үүнээс гадна өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв. Нэг ёсондоо Н.Учрал эрх баригч намын дарга, УИХ-ын дарга гэдгээ гул барьж, Засгийн газартаа тусгайлсан давуу эрх эдлүүлэхгүй, зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байж, шийдлээ хүлээсэн асуудлын гарц шийдлийг олж, хүний эрхийг зөрчсөн, улс орны хөгжилд саад болсон хуулийн гох дэгээг тайлж ажиллах нь. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд парламентын хяналт тавьж, гүйцэтгэлийн хариуцлага нэхэж, шаардаж ажиллах нь. 

Ингэхийн тулд олон нийтээр хэлэлцүүлж буй Татварын багц хууль, хувийн өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хориглосон Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай зэрэг хуулийн төслийг намрын чуулганаар батлахаа хэлэв. Монгол Улс ойрын ирээдүйд “Цахим үндэстэн” болох хөрсийг тавьж, суурийг цутгасан салбарын яамны бодлого зангидаж явсан сайд байсан хүний хувьд эдийн засгийн эрх чөлөөтэй зөрчилдөж болзошгүй 228, шууд зөрчилдөж байгаа 110 хуулийг хиймэл оюунд тулгуурлаж, гох дэгээг тайлах зорилт ажил хэрэг болоод явж буй. 

Үүн шиг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулиас эдийн засгийн, хүний, улс төрийн гэсэн гурван эрх, эрх чөлөөг зөрчсөн хуулиудад хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж, нэмэлт өөрчлөлт оруулж, хуулиас давсан журамгүй журам, дүрэмгүй дүрмийг хориглох асуудлыг тэрбээр парламентын спикерийн хувиар хөндөх нь. 

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтран ажиллах хууль эрх зүйн орчноо өөрчлөх нь хөгжлийн гарц. Хөрөнгө оруулалтыг дагаад дэвшилтэт шинэ технологи, шинэ соёл, хийх ажил, олгох цалин, төлөх татвар нэмэгддэг. Юм бүхнийг хийх гэдэг биш, юу хийхгүйгээ мэддэг цомхон төр болох эрх зүйн эрүүл саруул орчныг энэ танхим бүрдүүлэх хэрэгтэйг УИХ-ын дарга нь өөрөө онцолсон нь гадаад орчинд маргаангүй эерэг дохио.

Гээд тоочвол Г.Занданшатарын Засгийн газрын Тэргүүн Шадар сайд явсан Н.Учрал УИХ-ын дарга, МАН-ын даргын хувиар нийгэм, эдийн засаг, улс төрийн орчныг чиглэсэн хэд хэдэн томоохон мэдэгдэл хийлээ. Татварын шинэчлэлийн үр дүн нь төрийн зуршлыг халж, хувийн хэвшилд орон зай, хөгжих замыг нь нээж, төсвийн тэлэлтийг хязгаарлах нь цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын дарамтыг буулгана гэдгийг тэр хэллээ. Аж ахуйн нэгжүүд монгол хүнд ажил олгож, цалин өгч, илүү урамшуулж, үнэлснийхээ төлөө илүү их шимтгэл төлөөд байвал “Халамжаас хөдөлмөрт” бодлого бодит ажил хэрэг болохгүйг бас хүлээн зөвшөөрлөө.

Төрийн өмчийн компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай баталж, хяналт тавьж, төр хувийн хэвшилтэй өрсөлддөг компани цаашид байгууллахыг хуульчлан хориглох, хувьчлах, татан буулгах, нэгтгэх, олон улсын аудит оруулах, нээлттэй компани болгох ажлыг шуурхайлахад ташуур өгөхөө хэллээ. 

Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлыг идэвхжүүлнэ гэлээ. Ингэснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүү буурч, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ зэргээр Засгийн газрын гишүүний хувиар биш УИХ-ын даргын өндөрлөгөөс хэлж, онцолсон түүний үг бүр үйлдэл болж хөрсөн дээр хэрхэн буулгах нь цаг хугацааны асуудал ч хүссэн ч, эс хүссэн ч үүнээс үүдсэн хүлээлт нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд хэдийнэ бий болсныг сануулъя. 

Ярих нэг өөр, хийх бүр өөр гэдгийг УИХ-ын гишүүний хувиар санаачилсан хууль нь гацаанд ордог, хэлэлцүүлдэггүй, эс бөгөөс хэсэг бүлгийн шахалт, нөлөөнд ордгийг Н.Учрал сайн мэднэ, хамгийн сайн гадарлана. Харин өнөөдөр тэр бол УИХ-ын даргаар зогсохгүй МАН-ын дарга гэсэн хос тамгатай басчхүү эрх мэдлийн оргилд хүрсэн нэгэн. “Айвал бүү хий, хийвэл бүү хий” гэдэгчлэн барьж авсан асуудлынхаа ард нь гарах, ажил хэрэг болгох цаг үеийн шаардлагатай нүүр тулахаас өөр сонголт түүнд үгүй.

Г.Эрхэс