Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлсэн
П.Сайнзориг: Зээл, тусламжуудаа ашиглаж чадахгүй байна
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойно “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлэх “Эрчим хүч-3 төсөл” бол Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх ажил юм. Уг зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод энэ оны нэгдүгээр сард тус бүр хэлэлцэн дэмжсэний дагуу хоёрдугаар сарын 05-нд гарын үсэг зурсан бөгөөд төсөл “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудтай нийцэж байгаа гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурдав.
“Эрчим хүч-3 төсөл”-д зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй юм. Мөн тус банк үйлчилгээний шимтгэлд зээлийн дүнгийн 0.25 хувийг авах ажээ. Төсөл 2025-2029 онд буюу таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зээлийн хөрөнгийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөжээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Х.Жангабыл, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, Д.Ганбат нар төслийг дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг судалсан эсэх, Өмнөговь аймгийн Гурвантэс сум БНХАУ-аас цахилгаан эрчим хүч авч байгааг болиулж, аймгийн төвтэй холбог боломж бий эсэх, төслийн танилцуулгад буй алдаатай агуулгыг засах, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн агаарын шугам ашиглалтад орох хугацаа, Багануур-Чойрын шугамын алдагдлын хувь, тооцоо, төсөл хэрэгжсэнээр алдагдлын хэмжээ буурах эсэх, трансформатор, цахилгаан сатнцын тоноглолууд чанарын шаардлага хангаж байгаа эсэх, цаашид нарны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барьж эхлэх хугацаа, өмнө авч байсан бусад зээлийн нөхцөл, шаардлагын ялгаа, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангасан эсэх, эргэн төлөх хугацаанд хүү нэмэгдэх, өөрчлөлт орох эрсдэл бий эсэх, дотоодын аж ахунй нэгжээр төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, эрчим хүчний бие даасан байдал, үндэсний аюулгүй байдлын хүрээнд хэрэгцүүлэх цуврал төсөл, бие даасан байдлыг бүрэн хангах талаарх зураглал, төлөвлөгөө бий эсэхийг, мөн 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийн явц, хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг улсын төсвийн зарлагын дээд хязгаарт тулсан гээд гадаадаас авсан зээл, тусламжуудаа ашиглаж чадахгүй байгааг хэрхэх талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал мөн энэ талаар хөндөн асууж, таван жилд санхүүжилт авч ашиглах хуваарийн талаар тодруулж, төслийн гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулах талаар лавлалаа. Тэрбээр олон улсын зээл, тусламжаас авч хэрэглээгүй байгаа санхүүжилтэд хүү, төлбөр төлж буйг зогсоох нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Ялангуяа санхүүжүүлэгч талаас сонгосон гүйцэтгэгчийн буруугаас ажил зогссон тохиолдолд үлдэгдэлд төлж байгаа хүү, төлбөрийг зогсоох нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ТЭЗҮ-д буюу өндөр үнэд суурилж зээл авах нь буруу гээд зураг төсвийн дүнд суурилж зээл авах нь зүйтэй гэсэн юм. Зээлийн дүн хэрэгжүүлэх ажилтайгаа харьцуулахад өндөр байгааг тэрбээр сануулж, олон улсын жишгээр 1.0 км цахилгаан дамжуулах сүлжээг 200.0 мянган ам.долларын өртгөөр хийж байгааг мэдээлж, үүнээс өндөр буюу нэгж км сүлжээг 254.0 мянган ам.доллараар барих ажлыг дахиад гадаадын компаниар гүйцэтгүүлэх нөхцөл бий болж байгааг шүүмжилсэн юм.




