Б.Чойжилсүрэн: Их наяд төгрөгийн ногоон зээл түгжигдсэн

Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат зээлийн хэлэлцээрийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн болон сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг дэмжи хөгжүүлэх бодлогыг дэмжихгүй байгаа хачирхаж байгаагаа илэрхийлэн, айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчийг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлээд илүү гарсан хэсгийг төвийг эрчим хүчний системд нийлүүлэх бодлогыг дэмжихгүй байгаагаас банкууд дээр 1.0 их наяд төгрөгийн ногоон зээл түгжигдээд байна гэлээ. Үүнээс айл өрхүүд сард 500.0 мянга орчим төгрөгийн орлого олох боломж байгааг тэрбээр танилцуулж, дутаад байгаа эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх бололцоо байгааг ярьсан юм. Мөн тэрбээр гадаадын зээл, тусламжийн хэмжээ хэтэрхий өндөр болоод байгааг сануулж, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймгийн сэргээгдэх эрчим хүчний төв байгуулах төслүүддээ хөрөнгө оруулах шаардлагатайг дурдав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг танилцуулахыг хүсэж, санхүүжилтыг авах болон буцаан төлөх графикт цаг хугацааны зөрүү байгааг засах, төсөл хэрэгжүүлэх нэгжийг Эрчим хүчний яамны дэргэд бус “Эрчист Монгол” компанийн дэргэд байгуулах нь зүйтэй эсэхийг асууж, зээлийн гэрээний хавсралтад Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэнийг засахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэлцээрийн монгол хэлээрх орчуулга хангалтгүй байгааг жишээгээр анхааруулж, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү буюу СОФР хүүг өдөр бүр зарладгийг сануулан, энэ хувьсах хүүгээр тооцохдоо хэрхэн тооцохыг хэлэлцээрт тодорхой дурдах шаардлагатай гэв. Мөн үйлчилгээний шимтгэлийг банк нэг удаа авах уу, олон удаа юу гэдгийг тэрбээр асууж, зээлдэгч буюу манай улсын талд оногдуулсан олон үүргүүдийг биелүүлж чадахгүй байх тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар асууж, хариулт авсан юм.