Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд парламент анхаарна
Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламж болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулсан.
Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн хог хаягдлыг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өдөрт 150 тонн барилгын хатуу хог хаягдлыг буталж, дахин боловсруулан, ангилах боломжтой.
Түүнчлэн төслийн хүрээнд хогийн цэгийн болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг нийт 27 нэр төрлийн хүнд даацын машин механизм, сэлбэг хэрэгсэлтэйгээр ажлаа явуулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд барилгын хог хаягдал дахин боловсруулах цорын ганц үйлдвэр гэдгээ онцлог. Үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфиллын байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрдэж буй.
Өнөөдөр тус үйлдвэрийн талбайд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.6 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах, хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй” гэдгийг онцоллоо.




