Мөнгөн гэрэгэ анх удаа олджээ
Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны 5 дугаар сард нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ. Улмаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм.
Энэхүү мөнгөн гэрэгэ нь Монголын эзэнт гүрний Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн дурсгал хэмээн судлаачид үзэж буй аж. Гэрэгийн бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü” буюу утгачилбал “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” хэмээжээ. Мөн гэрэгийн нүхийг эмхэрдсэн товгор ирмэг дээр 6 ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” гэх утгатай.
Цаашид энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг Чингис хаан Үндэсний музей зохион байгуулна.




