Н.Энхбаяр яаж ч мэлзсэн “Өргөө” бол нийслэлийн өмч!

Түүх ингэж эхэлдэг юм. 2012 оны наймдугаар сарын эхээр гурван өдөр үргэлжилсэн шүүх хуралдаанаас шийдвэрээ эцэслэж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноож байв. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр ялласны нэг нь иргэн Д.Дуламсүрэнтэй бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авсан тухай байлаа. Н.Энхбаяр нар нийслэлийн өмчид бүртгэлтэй хөрөнгийг үнэгүйдүүлэх замаар хувьдаа завшсаныг шүүх тогтоосон хэрэг. 

Сонирхолтой нь, үүнээс хоёр жилийн дараа нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт шүүхээс 2.1 жилийн хорих ял ногдуулсан нь мөн л “Өргөө” зочид буудлаас үүдэлтэй байдаг юм. Өөрөөр хэлбэл, Ц.Батбаяр нь хотын даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж, Н.Энхбаярын Батшугарын нэр дээрх “Хар дун” компанид шилжүүлсэн. Н.Энхбаяр нарын хамаарал бүхий “Эскон”-ы охин компани болгон шилжүүлэх замаар нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн. 605 сая төгрөгийн үнэлгээ бүхий газрыг үнэгүйдүүлэх гэмт хэргийг гардан үйлдсэнийг нотлох баримтын хүрээнд тогтоох, яллах тогтоох уншсан нь энэ.

Э.Батшугарын нэр дээрх “Хар дун” гэх компанийг хамгийн анх Б.Хуяг байгуулсан байдаг. Тэрбээр Боомтын сайд асан, УИХ-ын гишүүн Б.Тулгын төрсөн ах. Нэгэн цагт Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу үндэстэн дамнасан хар тамхины наймаачин, алан хядагч, галт зэвсгийн худалдаачин, хүний наймааны хэрэгт холбоотой хүмүүсийг эрэн сурвалжилдаг Интерполын улаан буланд зураг, хөрөгтэйгөө нийтлүүлж явсан хүн. 

Ямар сайндаа л тухайн үед МАХН-ын квотоор Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяан Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоох агуулга бүхий захиаг Интерполын ерөнхий нарийн бичгийн даргад цахим шуудангаар илгээсэн нь шуугиан тарьж, эцэстээ албан тушаалаасаа буухад хүргэж байв. Нийслэлийн өмчид хамаарах “Өргөө” зочид буудал яаж яваад, хэрхэн Н.Энхбаярын Батшугарын эзэмшил болсон түүхийн зах зухаас сөхвөл нэг иймэрхүү дүр зураг бууна. Үндсэндээ “Өргөө” зочид буудлын хувьчлал анхнаасаа хууль бус, зохион байгуулалттайгаар үнэгүйдүүлж, хувьдаа завшсаныг Н.Энхбаяр, Ц.Батбаярт ногдуулсан ял, Интерполоор эрэн сурвалжлуулж явсан Б.Хуягийн жишээ бэлхнээ харуулж байгаа юм.

Хачирхалтай нь, Н.Энхбаяр болон түүний хүү сайд Э.Батшугар нар шүүхийн шийдвэр, Монгол Улсын хуулийг уландаа гишгээд зогсохгүй өнөөдрийг хүртэл мэлзэж, бас гүлдийж сууна. Хамгийн сүүлд гэхэд “Би хотын дарга руу “Өргөө”-гийн асуудлыг зогсоо гэж мессеж бичсэн. “Ойлголоо” гэх хариу ирсэн" гэх Ерөнхийлөгч асны мэдээлэл зарим хэвлэлээр түгэв. Өнгөц харахад хотын даргатай учраа олчихсон гэж ойлгогдохоор тайлбар. Гэвч хэдхэн хормын дараагаар Н.Энхбаярын эл үг худлаа болох нь тэр. Гэдэг нь нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна

Гурван шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг хоёр хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү 2 гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй.

Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд “Өргөө” зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй. Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна” хэмээв.

Санаатай юу, эсвэл санамсаргүйгээр Н.Энхбаяр хотын даргатай учраа олсон мэт агуулга нийгмийн сүлжээнд түгэж, түгээсэн байж болох ч Х.Нямбаатарын хэлдэг бодит үнэн. Тэгээд ч гурван шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг хоёр хүн утсаар яриад шийддэг юм бол хууль байгаад ч яах юм. Шүүхийн шийдвэр гэдэг шүүхийн л шийдвэр. Шүүгчийн алх дуугарсан л бол түүнийг биелүүлэх нь хүн бүрийн үүрэг. Ерөнхийлөгч байсан эсэх нь үүнд огт хамаагүй. 

Эрх биш Монгол төрийн толгойд УИХ-ын гишүүнээс Ерөнхий сайд, парламентын спикер, Ерөнхийлөгч хүртэл тасралтгүй өсч, өгссөн Н.Энхбаяр үүнийг мэдэхгүй биш мэднэ. Хамгийн сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр яаж ч мэлзсэн “Өргөө” бол нийслэлийн өмч! Гагцхүү нийслэлийн өмчөөс тасдаад нэг л өдөр сайд Э.Батшугарын халаасанд шилжүүлсэн “Өргөө” зочид буудлыг хэзээ, хэрхэн, яаж буцаан авах нь хотын мэйр Х.Нямбаатарын мэдэх асуудал болох нь. Түүнийг цаг хугацаа л харуулна.

С.Сүлд