Г.Занданшатар: Түүхэн сонголтыг үргэлжлүүлэх шинэ зууны эзэд нь та бүхэн юм
“Загасны Дулмаа”-д Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Зарлигт шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлжээ.
Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон юм.