Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор болсон

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт “С.Зориг агсны амь насыг бүрлэгэсэнтэй холбоотой хэргийг шалгах явцдаа хүний эрхийг ноцтой зөрчиж хууль хүчний байгууллага эрүүдэн шүүсэн бол тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Хүний эрхийг ингэж ноцтой зөрчиж болохгүй. Үнэхээр нотлох баримт нь байгаа бол хариуцсан эзэнд нь хариуцлага тооцох хэрэгтэй" гэв. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Өнөөдөр ЖДҮ-ийн асуудал, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй байна. Ямар асуудлыг онцгой гэж үзээд ямар асуудлыг онцгой бус гэж үздэг юм бэ" гэлээ.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд С.Зориг агсны амь настай холбоотой хэргийг шалгах эрүүдэн шүүсэн асуудлыг шүүх засаглал руу оруулж байна. Шүүх засаглал дээр төрийн эргэлт хийх гээд байх юм" гэв.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Би хүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг хоёр гурван жил судалсан. Үүнийг УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газарт танилцуулсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн. Баримт байгаа юу гэх юм. Би баримтгүй юм яридаггүй юм. Хүнийг 1930 оны эрүүдэн шүүлтийг одоо ашиглаж болдог юм уу" хэмээн байр сууриа илэрхийллээ.