М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор томиллоо

Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг үндэслэн Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлжээ. Адуучин сүрэг овогт Максимын Чинбат нь 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй. Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцууллаа.

Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, О.Алтангэрэл, Ж.Золжаргал,  Л.Соронзонболд, Б.Энхбаяр нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигч М.Чинбатаас  асуулт асууж, хариулт, мэдээлэл авсны санал хураалт явууллаа. 

Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбатыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Улсын Их Хурлын 65 гишүүн буюу 70.7 хувь дэмжлээ.