Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгана
Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгана
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн төлөөллөөр хэлэлцүүллээ.
Хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг нь Гэр бүлийн тухай хууль бөгөөд уг хуулийг 1999 онд баталж, 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн учраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн барьсан тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцууллаа.
Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна.
Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг тусгасан гэв. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 88 зүйлтэй. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдахаар төсөлд тусгасан. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох гэсэн шинэ ойлголтыг хуулийн төсөлд тусгаж, тээгч эх, бэлгийн эсээ ашиглуулсан хүн хүүхдийг авах нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар зохицуулж буй. Манай улсад 2017-2024 онд гэрлэлтээ бүртгүүлээгүй хосын харилцаанаас 254,217 хүүхэд мэндэлжээ. Тэд гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх, үүрэгтэй зэргийг танилцуулгад дурдсан.
Жил ирэх тусам гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай болж, тэдгээрийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жил хамтран амьдарсан гэр бүл эзэлж байгаа. Гэр бүлийн зөрчил маргаан нь санхүүгийн хүрэлцээгүй байдал, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, үзэл бодлын зөрчил зэрэг шалтгаанаас үүдэлтэй хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын ахлах шинжээч М.Цогтбаатар танилцууллаа.
Тэрбээр, бүх аймаг, дүүрэгт Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвүүдийг байгуулж эхэлсэн, 330 сум, 204 хороонд нийт 773 нийгмийн ажилтан ажиллаж эхлээд байна. Кэйс шийдвэрлэлт 75 хувьтай буюу 10 хувиар өссөн. Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд жил ирэх тусам залуучууд гэр бүл зохиох, хэзээ хэдэн хүүхэдтэй болох зэрэгт анхаарал хандуулж байна. Гэр бүл төлөвлөснөөр хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээв.