Б.Батдаваа: Үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглал, экосистемийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусгана
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын боловсруулж, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тус хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын өнгөрөгч хаврын ээлжит чуулганы 2025 оны тавдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны 252 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар дээрх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа ажлын хэсэг 17 удаа хуралдсан тухай дурдаад, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, эрүүл мэндийн яам, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналуудыг үндэслэсэн гэдгийг онцолсон юм.
Ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалт нэг бүрээр ярилцаж, нэр томьёо, үг, хэллэгийг ойлгоход хялбар, энгийн, салаа утгагүй болгох, заримыг тайлбарлах, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд хамаарах зохицуулалт нэмэх, эсийн тухай тусдаа зүйлийг дэлгэрэнгүй тусгах, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын био банкны тухай зохицуулалтыг шинээр томьёолох, амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, хүний болон хүний эрхтний наймааны эсрэг Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусгах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа, чиг үүргийг тодорхой болгох агуулга бүхий зарчмын зөрүүтэй 66 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол бэлтгэжээ.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д заасны дагуу зүйл бүрээр хэлэлцлээ. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл, мөн ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, А.Ганбаатар, Д.Бум-Очир, П.Наранбаяр нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хуулийн нэрийг Хүний эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болгон өөрчлөх үндэслэл, шаардлага, мөн Монгол Улсад эдүгээ хийгдэж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, түүний үр дүн ямар байгаа, арилжааны хэлбэрт шилжихээс сэргийлэх болон био банктай холбоотой зохицуулалтын талаар асууж дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн судалгааны болон сургалтын зориулалттай эд, эс, амьгүй донорын тодорхойлолт, насны хязгаар, түүний зөвшөөрөл, гарын үсгийн тоо, мэс заслын дараа цогцосыг хүлээлгэн өгөх, мөн 14 хүртэл насны хүүхдээс ясны хэм, захын цус авахтай холбоотой зөвшөөрлийн тухай болон амьд донорын эмчилгээний дараах асаргаа, сувилгаа, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төрөлжсөн тасаг, мэргэжлийн баг бүхий реципиент эмнэлгийн тоо, хүчин чадал, энэ асуудлыг эрхлэх Тусгай мэргэжлийн төв, түүний эрх зүйн байдлын талаар асуулт асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, санал, томьёолол хэлсэн юм.
Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй нийт 75 саналын томьёоллоор санал хураалт явуулахад ихэнхийг нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Харин хуулийн төслийн нэрийн эхэнд “Хүний” гэж нэмэх тухай Ажлын хэсгээс гаргасан саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.