П.Сайнзориг: Дуусаагүй барилга улсын бүртгэлд бүртгүүлдэггүй

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн 37 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, харьяалах Байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа танилцууллаа.

Нийтийн мэдээллийг ашиглахад хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, хүн, хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар иргэдийн орон сууц захиалгатай холбоотой харилцаанаас үүсэх хөрөнгө санхүү, цаг хугацаа, гэрээний харилцаанаас үүсэх эрсдэлийг бууруулах, сэргийлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Орон сууц захиалгын гэрээгээр иргэн, хуулийн этгээд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан боловч зөвхөн барилга барьж байгаа гүйцэтгэгч болон захиалагч аль нэг хуулийн этгээдийн дангаар өмчлөх эрхийг бүртгэж байгаа нь захиалгаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдөж, зөрчигддөг болохыг П.Сайнзориг гишүүн илтгэлдээ дурдсан.

Барьж дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэн хуулийн этгээд нь тухайн барилгыг удаан хугацаатай, өндөр хэмжээний зээлийн барьцаанд тавьж бүртгүүлдэг гэв. Үүний улмаас тухайн захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчлөлд бүртгүүлэх процесс удааширдаг, эрсдэлд ордог байна. Тухайлбал, барьж дуусаагүй барилгын эрхийг бүртгүүлж зээл аваад төлбөрөө бүрэн барагдуулж чадахгүйн улмаас барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэл хангуулахаар хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах тохиолдол гардаг аж. Мөн зээл авсан тухайн барилгын компани нь төлбөрөө төлөөгүйн улмаас, бусад асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж нийтийн зориулалттай дуусаагүй барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тохиолдол ч гардаг.

Иймд Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хэлцэл болон барьж дуусаагүй барилга дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий нийтийн зориулалттай орон сууцны захиалгын гэрээний хэсгээр барьцаанд тавихыг хязгаарлах нь давхардуулан хөрөнгө босгохоос сэргийлэх буюу зээл олгож буй банк, санхүүгийн байгууллага болон орон сууцны захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан этгээдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна.

Одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд бүх дуусаагүй барилга улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, сайн дурын үндсэн дээр явж ирсэн учраас иргэдийн захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгэхэд “тухайн барилга нь дуусаагүй барилгаар бүртгэгдсэн” тохиолдолд боломжтой, бүртгэгдээгүй бол боломжгүй байдаг. Иймээс нэг ижил тоот дээр иргэдээс давхардуулан захиалга авч иргэд, хөрөнгө оруулагчдыг хууран мэхлэх тохиолдол олон байгаа юм байна.

Иймд барилга барих зөвшөөрөл олгохтой зэрэгцэн хаяг олгох, батлагдсан ажлын зурагт үндэслэн орон сууц, авто зогсоолын тоо, үйлчилгээний талбайн төлөвлөлттэй уялдуулан захиалгын гэрээг давхардуулан хийх боломжгүйгээр улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнөх үйл явцыг нээлттэй байх хууль, эрх зүйн орчин, мэдээллийн сан үүсгэх шаардлагатай хэмээн П.Сайнзориг гишүүн танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшөөрөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх талаарх мэдээллийг нээлттэй мэдээлэл байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг энэ сарын Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэв. Хууль зүйн байнгын хорооны тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

П.Сайнзориг гишүүний танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан С.Эрдэнэболд, О.Номинчимэг, Д.Бум-Очир, Г.Хосбаяр нарын гишүүд, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм. Дараа нь хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжиж буй байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, П.Наранбаяр нар илэрхийлж, иргэдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг шийдвэрлэхийн сацуу луйвар хийдэг, муу түүхтэй барилгын компаниудыг жагсаалтад оруулж, улмаар шударгаар, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, мөн төрөөс хууль бусаар зөвшөөрөл олгосноос аж ахуйн нэгж болон иргэдийг хохироож буйд анхаарах шаардлага байгааг хэлж байлаа.