Тэд үнэнээ хэлж эхэлсэн нь сайны дохио!
Шатахуун, шатахуун бас дахин шатахуун. Энэ үг Үндэсний их баяр наадам хөшгөө хаахтай зэрэгцэн монголчуудын ой тоонд бат хадагдав. Бараг сүүдэр мэт дагах болов. Гадаа гарсан ч шатахуун, гэрт орсон ч шатахуун, нийгмийн сүлжээ дүүрэн шатахууны тухай яриа цаг, минут, секунд тутамд хөвөрч байна. Засгийн газарт хариуцлага тооцно л гэнэ. Г.Дамдинням сайдыг ажлаа өгөөд огцор гэцгээж байна. Өнгөцхөн харвал шатахууны хомсдолоос үүдэлтэй иргэдийн бухимдлын тусгал ч бүрэн зураглал, бүтэн агуулгаараа монголчууд бодит үнэнтэйгээ нүүр тулж, хүлээн зөвшөөрөх ёстой дохио нь энэ болов. Үндсэндээ хий хоосон амлалт, хардлага, хэн нэгнээ үгүйсгэсэн улстөржилтөөр шатахуун хийж, машинаа асааж болохгүйг нийтээрээ, нийгмээрээ мэдэрч эхэллээ. Иргэд ч хий хоосон үгэнд биш ШТС-ын багана дээрх тоонд итгэдэг болов. Бодит байдалтайгаа эвлэрч, басчхүү хүлээн зөвшөөрнө гэдэг сайны л дохио.
Учир нь, Монгол Улс бол үйлдвэрлэгч биш импортлогч орон. Шатахуунаар ОХУ-аас 95 хувь хараат. Үлдсэн таван хувийг БНХАУ тэргүүтэй бусад улсаас авдаг. Үндсэндээ ОХУ крантаа хаавал Монголд хомсдолд орно. Бүр автомашинууд нь зам дээрээ таг зогсоно. Хүссэн ч, эс хүссэн ч өнгөрсөн 30 гаруй жил туулж, туулсаар байгаа үнэн нь ийм. Гагцхүү өнөөдрийн хомсдолоос үүдэлтэй нөхцөл байдал яагаад үүсэв гэдгийн хариулт нь маш тодорхой. Нэгдүгээрт, ОХУ, Украины дайны нөлөө.
Хүн хүч, цэрэг армийн нөөц, хүчин чадлаар дайн хийж асан энэ хоёр улс өдгөө дэвшилтэд технологи буюу дрон ашиглан харилцан нэг нэгнийхээ газрын тосны барилга, байгууламж руу довтлолж, бас бөмбөгдөж байна. Үр дүнд нь хойд хөршид шатахууны эрэлт нийлүүлэлтээсээ давж дотооддоо хязгаарлалт хийхэд хүргэв. Орчин нөхцөл нь өөр болохоос Улаанбаатарын ШТС тойрсон дүр зураг Орос орон даяар бий болсныг харуулсан олон арван бичлэг ч нийгмийн сүлжээгээр явах нь олшров. Туйлын үнэн гэвэл ОХУ шатахууны экспортоо ирэх он хүртэл зогсоож хориг тавилаа. Өрөөлийг байтугай өөрсдийн хэрэгцээгээ ч тогтвортой хангаж чадахгүйд хүрсний нотолгоо нь энэ. Алс Дорнодын бүс нутгууд нь бүр Монголоос түлш худалдаж авах хүсэлт тавих хэмжээнд хүндэрсэн нь манай нийлүүлэлтэд хэзээ ч эрсдэл учруулахад бэлэн гэдгийг харууллаа.
Засгийн газар хоорондын харилцан гэрээ, хэлэлцээр хийсэн тулдаа л Монгол руу чиглэсэн вагоны цуваа зогсонги байдалд орчихгүй шиг өдөртөө боломжит хэмжээгээр хилээр нэвтэрч байна.
Засгийн газар, салбарын яам нь хариуцсан ажлаа л хийж байна гэсэн үг. Гэхдээ энэ удаагийн дүр зураг удаан үргэлжилбэл, ОХУ-д нөхцөл байдал улам хүндэрвэл хэрхэх вэ? Гэдэг нь өнөөдрийн бидэнд хамаатай хамгийн нэгдүгээр, асуудал. Лав л сайд Г.Дамдинням “АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг. Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна.
БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой. Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна. Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн. Иймд иргэд Та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандаарай гэж хүсье" гэдгийг онцлов.
Аргаа барсан хүний үг гэхээсээ асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байгаа Засгийн газрын байр суурь. Араас нь автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор, нэг удаад 50 мянган төгрөгт олгохоор болсноо зарлалаа. Нэг ШТС-ын хоёр өдрийн нөөц 30-50 тн гэж тооцвол наймхан цагийн дотор дуусч байгаа нөхцөлд Төрөөс энэ зэргийн зохицуулалт хийх нь зүй. Асуудлыг айдас, улстөржилтөөр биш зөв зохион байгуулалтаар давах нь өнөөдөртөө бидэнд хэрэгтэй.
Угтаа бол шатахуун нөөцлөх сав, байгууламжаа барьж, ашиглалтад оруулах хугацаа хангалттай байсан уу гэвэл тийм. Аль “Ковид”-ын цар тахлын үеэс асуудлыг бодитоор тооцоолж, ажил хэрэг болгосон бол өнөөдөр ийм байдал руу гулсахгүй байв. Гэвч үе үеийн Засгийн газрын хийж зориглоогүй, хийхийг ч хүсээгүй ажлын хариуцлагыг өнөөдрийн цаг үед нялж, нялзайгаад хариуцлага ярих нь хэтэрхий өрөөсгөл. Таван жил хийгээгүй зүйлийг таван сарын дотор хийнэ гэдэг Монголын байтугай дэлхийн түүхэнд ч байхгүй.
Хамгийн удаан засагласан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч энэ асуудал улстөржилт, хий хоосон амлалтаас хэтрээгүй бөгөөд бодит ажил болж, стратегийн нөөц бүрдүүлж чадаагүйг өнөөгийн нөхцөл байдал бэлхнээ гэрчилнэ.
Эсрэгээрээ өмнөх Засгийн газруудынхаа алдааг хүлээн зөвшөөрөөд өнөөдрөө аргалах бус маргаашаа, ирээдүйгээ харж ажиллах нь чухал. Жишээ нь, бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр ОХУ-д нөхцөл байдал хэвийн болохыг харзнаж, хүлээхээс илүү хоёр, гуравдагч хөршөөс гарц, шийдэл элэрхийлж буй Г.Дамдинням сайдын эс үйлдэл буруу биш. Харин ч Засгийн газар, УИХ-ынхаа түвшинд дэмжих ёстой.
Шатахуун өөрөө эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбогддог стратегийн бүтээгдэхүүн учраас ОХУ-аас гадна БНХАУ болон бусад орноос бүтээгдэхүүн авах чиглэлд гэрээ хэлэлцээр хийх нь Засгийн газар, тэр дундаа Г.Дамдинням сайдын үүрэг. Бүр онцгой үүрэг шүү. Энэ хооронд Газрын тос боловсруулах үйлдвэрээ ч ойрын хугацаанд ашиглалтад оруулах нь цаг үеийн гэхээсээ зүй ёсны шаардлага.
Нэгэнтээ л хойд айл экспортоо хязгаарлаж, дотоодын зах зээлээ хамгаалж байгаа бол бид өөрсдөдөө байж болох бүх сувгаар дархлаагаа тогтоох ёстой. Ямар ч байсан олдож байгаа шатахууны нийлүүлэлтээ нэг биш нэгжээд, бүр цаашлаад бүгдэд хүргэх зорилгоор тэгш, сондгойгоор хуваарилж олгохоор боллоо. Захиргаадалт гэхээсээ зөв зохион байгуулалт хийж хомсдолын үеийг даван туулах арга хэмжээний л нэг хувилбар.
Цаашлаад Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Шуурхай штабаас шатахууны хангамжийг тогтвортой байлгахын тулд бодит нөхцөл байдалд тулгуурласан төлөвлөлт, нөөцийн менежментийг сайжруулах, импортын эх үүсвэрийг олон сувагтай болгох төлөвлөгөөгөө яаралтай боловсруулж, ажил хэрэг болгох шаардлагатай тулгарах нь ойлгомжтой.
Геополитикийн хямрал, ОХУ, Украины дайн, эсвэл урд хөршийн дотоод хязгаарлалтыг буруутгаж суух биш, өөрсдөө дотооддоо ямар боломж байна вэ гэдгийг харах ёстой гэсэн үг.
Эцэст нь хэлэхэд шатахууны хомсдол үүсэх бүрд "Нөөц хангалттай байгаа, иргэд зохиомол дараалал үүсгэлээ" гэж ард түмнээ буруутгаж, бодит байдлаас зугтаж ирсэн олон жилийн хөөсрөл өнөөдөр хагарч байна. Хамгийн гол нь, асуудлыг бусад руу нялзайх бус үүссэн нөхцөл байдлыг бодитоор хүлээн зөвшөөрөөд бусад гарц, шийдлийг нээлттэй ярилцдаг улс төрийн соёл Монголын хөрсөнд энэ удаад сууж эхэлсэн нь сайны л дохио.
Одоо бидэн уриа лоозон биш, импортын олон гарц болон дотоодын зөв хуваарилалт гэсэн бодит алхмууд л хэрэгтэй байна. Геополитикийн хямрал, ОХУ, Украины дайн, эсвэл урд хөршийн дотоод хязгаарлалтыг буруутгаж суух биш, өөрсдөө дотооддоо ямар боломж байна вэ гэдгийг тоон баримттайгаар харах ёстой байна.
Зөвхөн ОХУ-ыг ширтэж суух цаг дууссан. БНХАУ-аас гадна БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга баталгаажуулж, эх үүсвэрээ төрөлжүүлэх бодит алхам хийж байгаа нь зөвхөн логистикийн гарц биш, үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгийг харуулж байна. Юу үнэн гэвэл энэ үнэн!
Г.Эрхэс