Ж.Золжаргал: Сонсгол ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг зогсооход чиглээгүй
Газрын сонсголоос МАН-ын бүлэг завсарлага авлаа
Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүнээс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг танилцуулав. Хууль санаачлагч 1992-2025 оныг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод олгосон газар олголтын шийдвэрүүд хууль журамд нийцсэн эсэх, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн санал, дүгнэлт гаргах зорилгоор хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг тодотгов.
Мөн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг баримтлан тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан эсэх талаар санал хураалт явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн болно гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл түр хороонд орсон гишүүдийн нэрс өөрчлөгдөх болсон тул тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргахад хуралдаан даргалагч хоёр хоногийн завсарлага өгөв.
Мөн өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан, Г.Очирбат нараас санаачлан боловсруулсан Эдийн засгийн эрх ашгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчийн зүгээс татан авсан гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.