Хэрэглээний халуун усанд бага насны гурван хүүхэд түлэгдэж, нас баржээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Их сургуулийн дөрөвдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал энэ сарын 5-ны өдрийн 17.19 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумаас өнгөрсөн оны есдүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээслэн амьдарч байсан иргэн Ч-ийн угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж таван настай эмэгтэй Я, дөрвөн настай эмэгтэй А, нэг нас 6 сартай эмэгтэй Ц нарын гурван хүүхэд түлэгдэж нас баржээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 17.30 цагт очиж ажилласан байна. Аврагчид очиход халуун ус шалнаас 2.5 см гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдүүдийг эцэг, эх нь хараа хяналтгүйгээр гэрт нь цоожлон үлдээсэн аж. Цагдаа, прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг шалгалтыг хийж байна.

Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах, пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах зэрэг холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.