Д.Баятбаяр, Т.Баясгалан нарыг хилээр гарахыг хязгаарлалаа

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр гавьяат жүжигчин Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон байна.

Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэж үзжээ. 

Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар авчээ. Харин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.