Эмээгийн дэмжлэгээр "өлгийдсөн" МICHEAL брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ эмэгтэйчүүдийн эрхэмсэг гоо, дур булаам байдлыг илтгэгч "Мicheal" брэндийг үүсгэн байгуулагч  С.Мөнгөнчимэгийг урьсан юм.


Урлах эрдэм дээд сургуулийн хувцас дизайнерын мэргэжлээр улаан дипломтой төгссөн бүсгүй 25 настай. Охиныхоо зураг зурах авьяасыг өвөө, аав, ээж нь дэмжиж, хоёрдугаар ангиас нь монголын хүүхдийн ордны уран зургийн ангид суралцуулж эхэлжээ. Тэрбээр зураач эсвэл дизайнер болохыг мөрөөддөг байсан гэнэ. Арван нэгдүгээр ангидаа  “Гоёл” наадамд оролцож авангард төрөлд гуравдугаар байрыг эзэлсэн нь хувцас загварын салбарын нэр хүндтэй таван сургуулиас   элсэн суралцах эрхийн бичиг  ирсэн гэдэг. Хөөрч догдолж гүйсэн охины хүсэл мөрөөдөл биеллээ олж  Урлах эрдэм дээд сургуулийг сонгож, суралцжээ. 

Зураг  зурдаг байсан түүнд бүхий л зүйл шинэ шалгуур өндөр мэт санагдаж байсан ч бүтээл урлах чин хүсэлдээ хөтлөгдөж, хичээлийн бус цагаар ч оёдлын машинаас салдаггүй байв. Цаг тутамд суралцахыг эрмэлзэж  хөгжих хүсэл нь олон тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сориход хүргэдэг байжээ. Өдөр хоног, цаг хугацаа өнгөрөх тусам загварт бүр их дурлаж эхэлсэн. Бүтээл туурвихдаа ядарсан ч хийсэн хувцасаа хараад л сэтгэл сэргээд ирдэг гэв.

Хүн болсон хойно хааяа нэг шантарна. Гэвч ирээдүйд ихийг бүтээж, өөрийн нэрийн брэндийг бүтээнэ гэсэн бодол нь түүнийг хурцалдаг байжээ.  Аав ээж, өвөө, эмээ нь үргэлж дэмждэг учраас хичээхээс өөр сонголт байдаггүй байсан биз. “Өвөө минь байхдаа хүн сонгосон мэргэжилдээ эзэн байх ёстой. Амьдрал хатуу охин минь хичээнгүй тууштай, сурсан мэдсэн зүйлийнхээ эцсийг үзээрэй гэж зоригжуулдаг байсан” гэлээ. Тэрбээр өдгөө өвөөгийнхөө захиасыг биелүүлэхээр хөдөлмөрлөж  явна.

Сургуулиа амжилттай төгсөөд нэг жил хувиараа юм хийсэн ч  хүслээр нь болоогүй гэнэ. “Би арай болоогүй юм байна. Ажлын байр нь дээр дахин суралцах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргаж,  хувцас загварын салон болон үйлдвэрт ажиллаж туршлага хуримтлуулсан. Тухайн үед надад нэг зүйл ажиглагдаж, анхаарал татаж байлаа. Монголд жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй залуус, нярай хүүхэдтэй эхчүүдэд ажлын байр олдох нь ховор гэдгийг ойлгосон.  “Хэзээ жирэмслэх төлөвлөгөөтэй байна. Жирэмсэн болж болохгүй шүү” зэрэг янз бүрийн шаардлага тавьж, 2-3 жилийн гэрээ хийдэг. Иймэрхүү шаардлага дарамтнаас шалтгаалж, мянга мянган ээжүүд ажиллах боломжоо алддаг.  Энэ сэдэв намайг эмзэглүүлсэн. Тэр үеэс би зорилгоо тодорхойлж, төлөвлөж эхэлсэн. Удалгүй ажлаасаа гарсан даа” гэв.

Ажлаасаа гарсан С.Мөнгөнчимэг гэртээ хүүхдээ хардаг болон жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжиж ажлын байраар хангах том зорилго өмнөө тавьжээ. Юу хийвэл боломжтойг судалж байхад нь дүү нь хөхний даруулга хийгээд өгөөч гэж гуйсан гэнэ. Яг тэр мөчид бизнесийнх нь санаа харван орж иржээ.

“Дүүгийхээ саналыг хүлээж авсан мөчөөс хүүхдээ хардаг ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, махлаг бүсгүйчүүдэд зориулж өөртөө итгэх итгэл, урам зориг, өөрийгөө хайрлаж гоё сайхан харагдуулах дотуур хувцас урлаж эхэлсэн. Мэргэжлийн сургууль төгссөн ч мэдэхгүй чадахгүй зүйл хаа нэг тохиолдоно. Тэр бүрт эрэл хайгууль судалгааг хийдэг.” гэв. 

No description available.Анхны загвараа амжилттай хийсэн тэрбээр ахиц дэвшил авчрахыг мэдэрчээ. Брэндийнхээ нэрийг хэдэн өдрийн турш бодсон ч сэтгэлд нийцэх нь олдсонгүй. Харин аав нь Мicheal  Jakcson-ы дууг тавьж,  гэр бүлээрээ бүжиглэж байхдаа агуу уран бүтээлчийн нэрнээс санаа авч “Мicheal” хэмээн нэрийджээ. Брэндийнхээ нэрийг олсон бүсгүй   байгаа мөнгөөрөө бага хэмжээгээр лого, шошго сав баглаа боодлыг хэвлүүлсэн байна. Дотуур хувцас хийхэд нарийн ажиллагаа шаардахаас гадна 3-4 оёдлын машин дамжиж бүтнэ. Чанар сайтай даавуун  материалаар оёх хэрэгтэй.

Залуу гэр бүл учир байрны лизин, банкны зээлтэй. Хэрэглээнийхээ зардлыг танаж  “гахай”-даа хэдэн төгрөг хуримтлуулж 500 мянга болгожээ. Хуримтлуулсан мөнгөөрөө тоног төхөөрөмж, материал аваад бичил бизнес эхлүүлнэ гэдэг биелэгдэшгүй мөрөөдөл. Сэтгэлдээ хийхийг хүссэн зүйлээ бодит болгоход санхүүгийн асуудал түүнийг чөдөрлөжээ. Зээл хөөцөлдөхөөр банкинд очиход “боломжгүй” гэсэн хариу сонсоод сэтгэл нь хямарч эмээгийндээ очсон байна. С.Мөнгөнчимэгт ямар ч үед эмээ нь үнэтэй зөвлөгөө өгдөг тул хийхийг хүссэн ажлынхаа зорилгыг сэтгэлээ онгойтол ярьж,  гэрийн зүг буцав. 

Маргааш нь эмээ нь утсаар дуудаж, очиход сүү хадаг барьчихсан ерөөлийн сайхан үгсийг хэлж, “тэтгэвэрээсээ илүүчилж хадгалсан” гээд  сая төгрөг өгсөн гэдэг.   Хөл нь газар хүрэхгүй баярлаж, хуримтлалаа нэмж тоног төхөөрөмж авч үлдсэн 80 мянган төгрөгөөрөө торон материал, хэрэглэгдэх тоноглол авчээ.

Эмээгийн хайр, ерөөлийн үгс, хийж бүтээх хүслээр жигүүрлэсэн бүсгүйн брэндийн эхлэл ийн тавигдаж, улаан, хар, цагаан өнгийн торон баралеттаа хийсэн байна. “Анхны загвар маань надад нандин санагддаг. Одоо харахад засч залруулах зүйл их ч мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсан болохоор харахаар л хайр хүрдэг. Дотуур хувцас хийхэд нарийн оёдол, нямбай байдал шаардана.  Дитель бүрийг нэг нэгээр нь хэлхэж, хайчилж, эсгэдэг. Ер нь 60 хувь нь гар ажиллагаа үлдсэн 40 хувь нь оёдлын машины оролцоотой бүтдэг” гэв. 

No description available.“Micheal” брэнд одоогоор  улаан, цагаан, хар, ягаан өнгөний сонголттой 10 гаруй төрлийн загвар гаргажээ. Дотуур хувцас хэрхэн бүтдэг шат дарааллын талаар сонирхуулахад ватум цаасан дээр хар зургаа буулгана. Дараа нь материалаа сонгож, төлөвлөгөөний дагуу нэг бүрчлэн гараар эсгэнэ. Торон материал эсгэхэд ур чадвар шаарддаг аж.

Эсгэж бий болсон материалаа нийлүүлж оёно. Мөрний резинээ хэлхэж, эцэст нь нэгтгэж оёж,  индүүдэж, савалж, уутална.

Түүний хувьд бүх зүйлээ ганцаараа хийнэ. Эсгүүр, оёдол, материал авах, хүргэлт үйлчилгээ, пэйж хуудсаа ажиллуулах зэргийг 24 цагтай уралдаж амжуулна.

Эмэгтэй хүний дотоод гоо сайхан, дур булаам байдлыг тодотгож бүтээсэн дотуур хувцасны үнэлгээ 45-75 мянган төгрөгийн үнэтэй. Өнгө загварын хувьд шинэлэг бүтээгдэхүүнийг “Эхнэр, найз бүсгүйдээ бэлэг барих гэсэн юм” гэх захиалгын 70 хувь нь эрчүүдээс ирдэг. Ханиа хайрлаж, хүндэлж, баярлуулах сэтгэлтэй залуус олон байгаад С.Мөнгөнчимэг эмэгтэй хүнийхээ хувьд баярладаг гэдгээ онцолж байсан юм.

“Мicheal” брэндийн үүсгэн байгуулагч С.Мөнгөнчимэг жирэмсэн болон хөхүүл ээж, хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрлөхийг хүсдэг залуусыг тав тухтай ажиллах нөхцлийг хангасан үйлдвэрлэлтэй болох, эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангасан дэлгүүр нээх зорилго тавин ажиллаж байна.  Сайхан цаг ирэхээр БНСУ, Япон улсад бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөжээ.

С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.