Эсгий амьлуулагч

 

Ур ухаан, уран сэтгэмж, урлагийн мэдрэмжийг цогцлоосон монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэхүйц  эсгийгээр сийлбэр урладаг эрхэм хүмүүнийг Э.Баттогтохыг гэдэг. Тэрбээр одоогоос найман жилийн өмнө алаг үрс, амьдралынхаа ханийг тэжээж, тэтгэх  гэж  яваад  харамсалтайгаар уурхайн осолд оржээ. Эрүүл саруул ид хийж бүтээх насандаа  тэргэнцэрээр хөл хийж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч амьдралын шуургыг үл ажран саад бэрхшээл бүрийг даван туулсаар явна. Гутарч шантрах үе түүнд бишгүйдээ байсан. Гэвч тэрбээр өвдөлтөө үл огоорон  өөрийгөө шинээр нээж, эсгийгээр сийлбэрийн бүтээл урлаж байна.

Улаанбаатарт ирж Улсын их дэлгүүрт байрлах монгол урлаачдын бүтээлийг сонирхож явахдаа эсгийгээр сийлбэр хийх санаа түүнд төрсөн гэдэг.  2013 оноос эхэлж, эсгийгээр амьтны дүрс болон олон төрлийн бүтээл хийж, худалдан борлуулдаг болжээ. Анх эсгийгээр тэмээ хийж эхэлсэн бол өдгөө бүтээлдээ  мод, төмөр,  чулуу, зэс, гууль, амьтны ясыг оролцуулдаг болжээ. Тэрбээр урын сандаа 600 гаруй төрлийн бүтээлтэй. Э.Баттогтохын ажил загвар буюу зураг төсөл гаргахаас эхэлнэ.  Бүтээл хийхэд ур дүй ихээхэн шаардахаас гадна цаг хугацаа ч их орно. Хэлбэр хэмжээ ажиллагаа багатай загвараа таван хоногт хийдэг бол долоон сарын хугацаанд бүтсэн бүтээлч бий. Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр түүнийг урлахуйн ухаанд сургаж, уран бүтээлч болгожээ. Анх нэг сая төгрөгийн зээл авч ажлынхаа гарааг эхэлсэн ч ашигаараа өөрт хэрэгтэй тоног төхөөрөмжөө авсан гэв.

No description available.Хийе гэвэл арга нь олддог гэгчээр хүний нүдийг хужирласан сайхан бүтээл нь эзэндээ ивээлээ өгч, их бүтээл туурвихын эхлэл байжээ. “Нүүдэлчин Монгол 2018” соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцож, өөрийнхөө болон Өмнөговь аймгийнхаа нэрийг дуудуулж, батламж гардаж явсан бахархалтай үе түүнийг хурцалж, хийж бүтээх хүслийг бадрааж өгсөн гэдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гээд хүний гар харж, амьдрахыг хүсээгүй өөрийгөө ялан дийлж, чадвартай чансаатай гэдгээ харуулахыг зорьсон хэмээх түүний үгсээс ухаарал мэдрэгдэж байв.

Хүн хүсвэл хичээвэл өөрийгөө ялан дийлж өрөөл бусдад үлгэрлэж чаддагийн бодит жишээ болсон бахархам сайхан амжилтын эзэн Э.Баттогтох ирээдүйд гадаадын үзэсгэлэнд оролцож эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулах зорилго тавин ажиллаж байна.

C.Ичинхорлоо

 No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.