Зорьж аварсан ЗУРГААН ЗҮРХ

Б.Болдсайхан эмч тэргүүтэй “Зүрх мартахгүй” төслийнхөн дахин зургаан бяцхан зүрх аварчээ. Сонгуулийн сурталчилгаа хэдийнэ хөшгөө хаасан ч улс төрийн сэдвээр “өлдсөн” нийгмийн уур амьсгал хараахан намжаагүй байгаа цаг үед хамгийн сайхан мэдээ нь энэ байв. “Хязгаараас чинад” багийнхан Хэнтий, Дорнод аймгийг зорьж, төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдэд үзлэг хийсэн юм.

Тэгэхдээ зургаан хүүхдийг яаралтайгаар хотод авчирч, амжилттай хагалгаа хийснээр “Аз жаргалын сорвитой” зургаан зүрхэнд амьдрал бэлэглэжээ. Саяхан л чагнуураа зүүгээр зүүн зүг тийш жолоо залсан Б.Болдсайхан эмч ийнхүү зорилгодоо хүрчээ. Аварсан зургаан зүрхний ард зургаан айлын гэр бүлд зовлон, шаналалгүй амар амгалан ноёлох нь.

“Ковид-19”-ийн цар тахлын нөлөө, улстөржилтөөс үүдэж үсэрсэн хандлага зэргээс нийгмийн уур амьсгал бүхэлдээ уур бухимдал, эгдүүцлийн шуурганд эцэс, төгсгөлгүй нүдүүлж байхад “Хязгаарын чинад” багийнхан өөрсдөө зорьж очоод илрүүлэг хийж, шаардлагатай гэж үзвэл нийслэлд авчирч яаралтай хагалгаанд оруулж буй нь өөрөө юутай зүйрлэмгүй, хариу нэхээгүй ХАЙР юм. Гэхдээ тэдний зорилго үүгээр дуусгавар болохгүй. 2027 он гэхэд нийт 1000 хүүхдэд зүрхний мэс засал том зорилго бий.

Төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд багачуудыг эх орондоо оношлон мэс засал хийж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс өнгөрсөн оны тавдугаар сард санаачлан хэрэгжүүлж эхэлснээр нийт 170 бяцхан хүүхдэд зүрхний мэс засал хийж, амьдрал бэлэглээд байна.

Г.Эрхэс