У.Хүрэлсүх ажлаа хаанаас эхлүүлэх вэ?

Энэ асуултад хариулт олохын тулд 2017 оны оныг эргэн санахад хүргэнэ. Учир нь, “Монгол ялна” уриатайгаар тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулга ажлаа авсан даруйдаа ой хээрийн түймрийн голомтод очиж ажиллаж байв. “Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна” хэмээх өгүүлбэр бүхий албан мэдээ одоо ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайтад он, сар, цаг, минуттайгаа бий. Бүр тодруулбал, 201707/16 9:16:47-д оруулсан албан мэдээ.

Үүн шиг зургаа дахь Төрийн тэргүүнээр сонгогдож, удахгүй тангарагаа өргөх У.Хүрэлсүхийн анхны ажлын өдөр хэзээ, хаанаас эхлэх вэ? Амаржсан эхийг тусгаарлах явцад гаргасан алдаанаас улбаалж сайн дураараа Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байсан үетэй нь харьцуулахад өдгөө “Ковид-19”-ийн тар тахал шинэ сорилттой нүүр тулахад хүргээд буй. Халдварын тоо нь 1000 давж, нас баралт тэр хэрээр нэмэгдэж байгаа хүнд цаг үед шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөрсөн дээр бууж ажиллах уу? гэдэг нь өөрөө анхаарал татах асуудал. Ажлын анхны өдрөө Төрийн ордноос бус түймэртэй бүс нутгаас эхлүүлж асан Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шадар сайдын хувиар дагаж явсны хувьд У.Хүрэлсүх нэг юм бодож л суугаа байх. Гол нь нийгэмд хандсан шийдвэр байх уу? эсвэл Монголын улс төрийн луужин болсон МАН-ыг чиглэх үү? гэдэг нь мэдээж сонирхолтой. Намын даргын “давхар дээл”-ээ тайлсан өдрөөс түүний шинэ зовлон мөн эхэлнэ.

Г.Эрхэс