Наадмаар барилдах 1024 бөхийн мөрдөх журмыг баталжээ

Тулгар төрийн 2230, Их монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүдэд дүрэм журмыг танилцуулсан байна. Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хорооноос энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулахтай холбоотойгоор дараах чиглэлийг ирүүлжээ. Үүнд:

1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс долоодугаар сарын 3-ны өдрүүдэд МҮБХ-нд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)

2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 2021 оны долоодугаар сарын 4-ний 10 цагаас долоодугаар сарын 5-ны өдрийн 16 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ,

3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг 2021 оны зургаадугаар сарын 29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.

4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд 08-20 цагт МБӨ-нд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан, мандатаа авна.

5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 2021 оны долоодугаар сарын 10-ны өглөө 08 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.

6. Бөхийн барилдаан 2021 оны долоодугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд долоодугаар сарын 10-ны өдрийн 11 цагаас нэгийн даваа эхэлж, 16 цагаас хоёрын даваа явж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.

7. Бөхийн барилдаан нь 2021 оны зургаадугаар сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар баталсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана.

8. Бөхийн дэвжээд 2021 оны долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.

9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.

10. Бөхийн барилдааны гурвын даваа долоодугаар сарын 11-ний өдрийн 09 цаг, дөрвийн даваа 13.00 цаг, тавын даваа 16 цагаас тус тус явна.

11. Бөхийн барилдааны зургаагийн даваа долоодугаар сарын 12-ны 10.00 цаг, долоогийн даваа, 13.00 цаг, наймын даваа 15.00 цаг, есийн даваа 16.00 цаг, арвын даваа 17.00 цагаас тус тус болно.

12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.