ХЯЗГААРГҮЙ ОРГИЛУУН хүслээр хөтлүүлж, хөглүүлсэн амбийц
НЭЭЛТТЭЙ бас ХААЛТТАЙ хүүхэд нас
Тэр ухаан орсон цагаасаа мэдээллийн технологитой ойр явсан нэгэн. Бага балчир ахуйд нь Холбооны дарга явсан аав нь өсөх насанд Радио релений дарга байв. Түүний аав, ээж нь хоёулаа харилцаа холбоотой амьдралаа холбосон хүмүүс. Гэр бүлийн хүмүүжил, амьдарч ахуй орчноор дамжиж өвлөгдөх өгөдлөөр тэр ч холбоочин болох байсан юм. Гэвч тийм биш байлаа. Харилцаа холбоогоор мэргэшсэн гэрт байсхийгээд л шуудан ирнэ. “Спутник”, “Огонёк” тэргүүтэй тухайн үеийн ЗХУ-ын сэтгүүл сонинуудын шинэ тутам дугаарууд ирнэ. Зарим нь дотроо пянзтай. Монголын бүх хэвлэл очно. Тэрүүхэндээ хэвлэлийн редакцийн дайтай гадаад, дотоодод өрнөсөн үйл явдлын мэдээлэл Бадамдорж даргынхаар дамжина. Хоёр хүүтэй айлын бага охинд энэ бүхэн нь нэн сонирхолтой. Шуудангаар ирсэн захиа бүрийг барьж үзнэ, бас үнэрлэнэ.
Социализмын үеийн боловсролын тогтолцооны хүрээнд Дашинчилэнгээс хоёроос гурван хүүхэд л гадаадад сурна. Орос юм уу, эсвэл соц орнуудад. Балчир охины сэтгэлд тэртээ холын орноос ирсэн захиа бус тэднээс үнэртэх бохины үнэр чухал. Үнэртээд л мэднэ, үнэтэй ховрын тэрхүү эдийг тэсэхгүй туучихна. Энэ явдал хоёр удаа давтагдлаа. Охиныхоо болчимгүй үйлдлийг мэдсэн ээж нь “Намайг шоронд хийх нь, энэ хүүхэд” гэж халаглаж, зэмлэснээр захианд гар хүрэхээ болилоо. Дахиж хүрсэнгүй. Захианд бичсэн үгийн бэх хатаагүй шинээрээ ч завсраар нь шургуулж, илгээсэн бохьгүй бол сонин биш. Гадаадаас ирсэн гол баталгаа нь бохь. Бусад нь сумынханд, ар гэрийнхэнд огт сонин биш гэмээр.
Гэхдээ аажмаар охины ой тоонд гадаадаас ирсэн бохь бус алс хэтийн зорилго, мөрөөдөл нь дотоодын хэвлэл, гадаадын сэтгүүлээр дамжин хэдийнэ сийлэгдэж эхэлсэн байв. Гадаад гэхээр Орос орон л санаанд бууж, төсөөлнө. Үзэл суртлаар хэм хэмжээ нь хойд хөршөөс өөрөөр харах цонхыг хаалттай орхисон учраас тэгэх нь аргагүй. Аз болж Дашинчилэн сум Германтай шеф. Шинэ жилээр Дашинчилэн суманд Германаас төлөөлөгчид ирнэ. Аав нь германаар “А” ч байхгүй атлаа орчуулагчаар явна. Дарга цөөхөн байсан болохоор бүгдийг өөрөө хариуцаж явсан ч байж мэднэ.
Одоо “Давааны цаана даваа” киног үзэхээр Ганаа эгчийн нулимс дотроосоо л ундарна. Аавыгаа л ахин харж, санаандаа буулгадаг нь тэр байх. Жав даргын царай нь аавтай нь яг адилхан, бас гэргий нь ээжтэй нь маш төстэй. Холбооны Бадамдорж, Бямбажав нарыг хамт явж байхад нь зөрсөн хүн эргэж хардаг тийм л сайхан хос байсан гэдэг.
Ганаа эгч багаасаа шүлэг цээжлэх дадалд гүн дурлав. Монгол найргийн дархан цэц Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалыг цээжээр уншина. Урлагийн үзлэгт их зохиолч Д.Нацагдоржийн шүлгээс дуудна, хажуугаар нь дуулна. Сурагч байхдаа найзуудтайгаа бүжгийн нойморт ч бүжиглэдэг байсан гэдгийг одоо сонсвол заримынх нь элэг хөших биз. Гэхдээ тэр бүжиглэдэг байсан юм шүү. Тогтолцооныхоо шүүлтүүрээр ч юм уу, яагаад ч юм зөвхөн онц сурдаг хүүхдүүд голдуу л концертод ордог байж. Асгарсан авьяастай малчин айлын хүүхдүүд зөндөө байдаг ч ажиглахад тийм л дүр төрх харагддаг байсан гэнэ. Энэ мэт жижигхэн зүйлээр ч хүүхдүүд намын үзэл суртлын золиос болж байсан үе байжээ.
Сургуулийнхаа юм юманд идэвхтэй, онц сурдаг, тэргүүлэх сурагчдын нэг явахад нь ах Б.Ганхуяг Багшийн сургууль төгсч, сумандаа дуу хөгжмийн багшаар иржээ. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа түүнийг олон нийт танина.
Шинэхэн багш төгсөж ирсэн концертод оролцох хүүхдүүдийн тооноос дүүгээ хасчихав. Солгой хоолойтой болохоор ахынх нь сэтгэлд нийцсэнгүй. Ах гэхээсээ дуу хөгжмийн багшийн хувьд байх. Айлын ганц охин, онц сурна. Концерт алгасаж үзээгүй Ганаа эгчид ахынх нь эл шийдвэр тэнгэр нурах шиг л цохилт болж. Уйлсаар гэртээ ирж ээждээ хов хүргэж, ачирхаж нэг үзэв. Үүнийг сонссон ээж нь “Үгүй ер, их сүрхий багш гарч ирээ шив дээ. Миний охин чамайг ирээгүй байхад концертод орсоор ирсэн, дуулж, бүжиглэж юм юмыг хийж ирсэн юм. Чи хэн гээч том амьтан бэ?” гэж аашилжээ. Гэрийн уур амьсгал хэсэгхэн хоромд ширүүсч эхлэхэд Б.Ганхуяг “Наадах чинь хичээл номоо давтаг. Нарийн яривал тоондоо муу. Худлаа онц гараад байдаг. Тэгээд ч наадах чинь солгой хоолойтой мэдэв үү” хэмээн тас гөжүүдлэсэн гэдэг.
Аавынхаа элдвийг ярьж, үзүүлж, ухуулж байдаг зангийн нөлөөгөөр Германы талаар хөөрхөн ойлголттой болчихлоо. Анх удаагаа цагаан ирис гэдэг чихэр ч идэж үзэв. Аав нь охиндоо бэлэг авчирч өгнө, “Герман”-аас. Гэдэг нь тэдний өгсөн бэлгийг. Амсах төдийд хорвоод хосгүй амттан идчихсэн юм шиг л мэдрэмж төрнө. Энэ бүгд Б.Ганчимэг хэмээх балчир охины мөрөөдлийг өрдөж, Оросод боловсрол эзэмшиж, радиогийн сэтгүүлч болох бодолд улам хөтөлжээ. Сонсогчдын сэтгэлд “Зөөлөн дуутай” нэрээрээ мөнхөрсөн радиогийн Б.Энхтуяа агсныг байнга хүлээнэ. Малчдын цаг үеийн тулгамдсан асуудлыг хөндсөн “Дөрөө даах гутал” нэвтрүүлэг, утга зохиолын цагууд гээд шимтэж, дурлан сонсоно.
Цэцэрлэгээс өгдөг баавгайтай чихрээ бага ахтайгаа хуваана. Ээж, аавдаа тэнцүү хувааж өгөхөө ч мартахгүй. Чихэр ховордоо биш. Амьдралын дадал нь л тийм, хүн бүр эрх тэгш хүртэх ёстой. Ганаа эгч бага байхын олон хүүхэдтэй айлуудад хөнгөн атаархдаг нэгэн байж. “Эрхийн тэнэг”, “Энэ бүтэхгүй” зэргээр айлын хүүхдүүдэд адлуулна.
Хамт тоглосон мөртлөө зодчихоод явцгаана. Аав нь гүйж ирж, амандаа үглэсээр хэдэн тоглоомыг нь бөөгнүүлж хураагаад хамт харина. Жижигхэн “Усны чемодан”-даа тоглоомоо дүүргээд гарна. Үеийнхэн нь тоглож дуусахын алдад шоглочихоод яваад өгнө. Тэгсэн атлаа тэр өөрөө л бусдаасаа эргэж уучлал гуйна. Уг нь, хохирогч нь. Айлын ганц охин үе тэнгийнхээ хүүхдүүдийг царайчилж, гуйж, тоглохоос өөр аргагүй. Хоёр ах нь 10-12 насны зөрүүтэй. Өмөөрөх нь битгий хэл хамт тоглохооргүй хол насны эрэмбэ. Эрэгтэй хүүхдэд байдаг дугуй тэргүүтэй бүх тоглоом түүнд бий. Тоглоомоор нь тоглох гэж хүүхдүүд ирнэ, бусдаар тоохгүй. “Аав нь ууртай, охин нь эрхийн тэнэг” гэсэн хандлагаар харна, бас хандана. Хавар гэрийнх нь гадаа хүүхдүүдийн дуу хадна. Гүйдэг маатаг тоглоно. Гэвч гэрээс нь гаргахгүй гэсэн аав, ээжийнх нь үг хууль мэт хэрэгжсээр л...
“Хормой Балдан” хочтой хүн хүүхэд иддэг гэсэн цуу яриа сумаар нэг явна. Идэх ч юу байх вэ?, гижигдэх гэж хөөдөг л нэгэн байсан юм билээ. Сумын холбоонд монтёр хийдэг хүн. Үгэнд орохгүй оргивол Балдан гуай ирж авна шүү гэхэд нам. Багад нь мангас гэсэн хий айдас төрүүлж явсаар Балдан руу ийн шилжжээ. Мангас ч авсангүй, Балдан гуай ч ирсэнгүй. Ганц өргөмөл охиноо хүн булаагаад авчихана гэх эцэг, эхийн нь айдас, энхрийлж, бөөцийлж, нандигнаж байгаа санаа юм, уг нь.
Төрүүлсэн эцэг, эх нь түүнийг төрөхөөс өмнөхөн учраа олохгүй хоёр тийш болжээ. Мах, цусны тасархай нь юм болохоор ухаан орсон цагаас нь Бадамдорж гуайнхаар зочилж ирнэ. Тэр бүгдэд хайртай ганц охиныг нь булаагаад аваад явчих вий гэсэн эцэг, эхийн болгоомжлол бусадтай ойр дотно нөхөрлүүлэхгүй, өндгөө нуусан шувуу шиг өсгөж, бөөцийлөх шалтгаан болсон байв. Хүүхэдтэй нөхөрлөж, үерхэхийн далд хүслэн Ганаа эгчид багаас нь төрж эхэлсэн шалтаг энэ.
Анхны хайр, бүтэлгүйтэл, зүрх рүү сийчсэн ХАТУУ ҮГ
Мэдээлэлд ойрхон ч үеийнхнээсээ хол хөндий өссөөр 14 нас хүрч, долдугаар ангид орсон зуны амралтаар нэгэн үйл явдал тохиожээ. Аймгаас багш нар ирлээ. Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги аймгийн нэгдүгээр 10 жилд нээхээр болсныг дуулгав. Анги дүүргэлт тооны хязгаартай. Сумаас хоёр хүүхэд шалгаж авна. Мэдээж онц сурдгаас нь. Шалгалт өглөө, тэнцэв. Ингээд сумаас аймагт ирлээ. Шалгалт авч, шилж сонгосон учраас бүгдээрээ мундаг. Тэгсэн төд удалгүй Ганаа эгч гологдох шинжтэй болоод ирэв. “Нарийн яривал тоондоо муу. Худлаа онц гараад байдаг болохоос” хэмээх ахын үг үнэн болж таарав. Математикийн хичээлээс бусад цагт бараг орос хэл л орно. Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жил өөрөө алдартнуудын өлгий болсон домогт сургууль. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагаас эхлээд Булганаас төрсөн анхдагчууд бүгдээрээ энэ сургуулийн бүтээгдэхүүн.
“Анхнаасаа нямбай байж байгаад гадаад явна шүү” гэсэн аавын захиас цээжинд уяатай. Аавтайгаа илүү дотно байсан эрх охин үгээс нь гарна гэж үгүй. Ганц охин нь учраас тэгэх нь ч аргагүй. Наймдугаар ангидаа орж, дотуур байранд шилжсэн сурагч Б.Ганчимэг дээд ангийн Гантулга гэдэг хөвгүүнтэй харилцаж эхлэв. Хоорондоо захиа бичнэ. Дашинчилэнд ангийнх нь охидууд бусадтай үерхэнэ, захиа солилцоно. Тэгэхэд хэнтэй ч нийлүүлэхгүй, гадагшаа гаргадаггүй шахам эцэг, эхийн хүмүүжил нь Б.Ганчимэгийг үе тэнгийнхнээс нэг мэдэхэд тусгаарлаж, хайрцагласан байлаа. Ангийн охидууд бөөндөө ирснээр хамт хичээлдээ явна, буцаад гэрийнх нь үүднээс салцгаана.
Гэгэлгэн хэрнээ шүлэг бичдэг, номын хорхойтой, ганцаардмал маягиийн хүнд үерхэл гэдэг өөрөө сонин бөгөөд жигтэй. Багын дадал, эцэг эхийн олгосон гэрийн хүмүүжил нь дотуур байрны сурагч болсон Б.Ганчимэгт тушаа болж, сэтгэлийг нь уях шалтаг болсонгүй. “Гавал” Гантулгатай шууд л үерхэв. Нэг анги дээшээ хөвгүүн. Есийн гурвын Тулга. Ганаа эгч орос хэлийг нь, Тулга зөрүүлээд математик заана. Хамт кино үзнэ. Эхэндээ иймэрхүү маягаар тун дажгүй явсан тэдний харилцаа хэдэн сар үргэлжлээд хоёр тийш болов. Математикийн хичээлдээ овоо сайжирч явсан сурлагын дүн ч эрс муудлаа. Мэдээж сэтгэлээр унана. 15 настай охинд хорвоо хөмөрчихсөн мэт санагдаж, бүр хэвтэрт орох нь тэр. Хичээлдээ ч явахаа болив. Ах нар нь, аав ээж нь ч дэргэд байхгүй. Сургууль соёлоор ч ер нь яах юм гэсэн гэнэн бодол толгойд эргэлдэнэ. Найзууд нь Тулгыг чирээд л ирнэ, гэдийгээд суучихана. Эргээд Ганаа эгч гуйгаад очихоор тэр нь нүүр өгөхгүй. Конкурсээр математикийн шалгалтад 15 оноо авахгүй бол шууд хаяад сум руугаа явна, ахиж конкурс энэ тэр өгөх ч үгүй хэмээн аархаж явсан хөвгүүн.
Хүний амьдрал гэдэг санаандгүй зүйлээр олон. Одоо Гантулга Булганы Сайхан сумандаа мянгат малчин болчихсон, Ганаа эгчтэй гэр бүлийн сайхан найзууд. Онгоцны инженер болно гэж андгайлж явсан “Гавал” Гантулга. Харин сурагч ахуйд нь хамгийн хүчтэй догдлол амссан зүйл үлдээсэн нь тэдний харилцааны төгсгөл байжээ. Гантулга аравдугаар ангиа төгсөөд цэрэгт явлаа. Ганаа эгч гаргаж ч өгсөнгүй. Араас нь захиа бичихээр цаадах нь бас хариу бичихгүй. Ингээд сураг тасарлаа. 15 жилийн дараа 30 насандаа уулзахад зан чанар, ааш аяг , бүх зүйл яг л хэвээрээ байж. Тухайн үед тэгж их шаналж байснаа бодоход одоо инээдтэй санагдах нь лав.
Атаман, аатай, хорон үгтэй Гантулга. Яагаад салсан нь нэг андуурсан таагүй мэдрэмжээс үүдэлтэй. Ганаа эгчийн төрсөн ээжийг Хайсандай гэнэ, нарийндаа ховор нэр. Есөн сартай байхад нь үрчлээгдсэний баримт болох жижигхэн цэнхэр цаасан гэрчилгээг сумын захиргаанаас өгчээ. Төрсний гэрчилгээ хавтаснаасаа өөр байдаг бол өргөмөл хүүхдийнх зүгээр алга дарам цаас. Нэр нь төрсний биш “Үрчлэгдэгсдийн гэрчилгээ”.
Сэтгүүлч болсноосоо хойш ардчилсан нийгмийн төлөвшүүлэх үйлсийн төлөө цахилж, цохилж, залуу насаа зориулж ирсэн нэг шалтгаан нь Ганаа эгчийн анх удаа мэдэрч, сэтгэлд нь хурсан хүүхэд ахуй үеийнх нь дурсамжуудтай холбогддог. Бусдаас нууж, хэнд ч үзүүлдэггүй хэрнээ одоо ч өөртөө хадгалдаг, хоёр салчихсан “Үрчлэгдэгсдийн гэрчилгээ”. Уншиж, бичиж сурахдаа тэр зүйлийг анх олж үзчихээд ихэд цочир хүлээж авчээ. Ээжийгээ өөрт нь хэлэхээс бүр өмнө. Таван насандаа уншаад сурчихсан хүүхдэд ямар мэдрэмж төрөх нь ойлгомжтой...
Өөрөө ч хүмүүсийн хандлагаас тодорхой хэмжээний ойлголт мэдэрдэг байв. “Энэ ёстой яг Хайсандай болох нь” гэх сумын төвийнхний өөрийн эрхгүй яриа чихэнд тусна. Сумын төв жижигхэн. Ээжтэйгээ хөтлөлцөөд явж байхад л хэн нэгний жиг жуг хийх нь нээлттэй сонсогдоно. Эхлээд гайхширал төрж байсан бяцхан охины сэтгэл удаад ирэхээрээ хорсол болж томорно. Өсч байгаа орчин, өгч буй хайр энхрийлэлд ямар ч эргэлзээ алга. Ганцхан аав, ээжийг нь авгайлж хүндэтгэх бусдын хандлага яагаад ч юм нэгийг өгүүлнэ.
Дотуур байранд орсон жил өнөөх гэрчилгээ өөрт нь явж таарав. Тэнд бичээтэй “Хайсандайгийн Уранчимэг” гэсэн цагаан дээр хараар дурайх нэр... Есөн сартай охиныг Бадамдоржийн Ганчимэг болгож өөрчлөв гэсэн бичиг бүхий Нэгдлийн даргын гарын үсэгтэй цаас л юм. Дотуур байрны хүүхэд бүр хувьдаа нэг авдартай. Тэнд байсныг нь олж харсан гайхал Тулга гайхшираад, ургуулан боджээ. Хайсандай гэсэн төрсөн ээжийнх нь нэрийг Хай Син Дой гэж хятад болгон ургуулж бодов. Тэр даруйдаа “Чи Хятад хүний хүүхэд юм биш биш үү. Аавыг чинь Хай Син Дой гэдэг юм байна” гэж гэнэтхэн хэлжээ. Ердөө л арван тав зургаан настай хүүхдүүдийн яриа. Дүрсхийж хэрэлдээд, гялс манас салсан гэж байгаа. Энэ тухай ярихдаа “Ямар овоо цус шинжээч вэ, тэр” гэж Ганаа эгч инээмсэглэн дурссан. Хүүхэд болсон хойно гомдож, шаралхаж уйлна. Тухайн үед Монгол, Хятадын харилцаа таагүй байсантай холбогдсон уу? хэлж мэдэхгүй юм. “Мао Зэдун сөнөтүгэй” нэртэй ном гарсныг номын дэлгүүрээс олж аваад “Гавал”-д мань хүн Майн 1-ний баяраар аваачиж өгчихөөд гүйчихсэн гэж байгаа. Хятад мөн эсвэл биш ч гэж байгаа юм уу? бүү мэд. Өрөө рүү нь оруулж шидчихээд гараад явав. Хамт авахуулсан зургаа голоор нь урлаа. Хэн хэндээ сайхан амьдрахыг ерөөгөөд хоёр тийш боллоо. Би хүнтэй суухгүй ээ л гэнэ. Би ч хүнтэй суухгүй л гэж. Арай л хувцсаа хуваасангүй. Ер нь их том салалт болсон гэдэг.
Аав нь энэ үеэр охиноо эргэж аймгийн төв рүү ирлээ. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн үерхэлд нааштай ханддаггүй ч охиныхоо царай алдсан, уйлж унжин ярьсан зэргийг ойлгоод, төрүүлсэн ээжийнх нь тухай учирлаж, тайлбарлахаар хөвгүүдийн тасгийг зорив. Ганаа эгч өрөөндөө хэвтэрт орчихсон шахуу хүн бөөн гуниг хэвтэж байна. Бадамдорж гуайг орох үед Гантулга ухаан жолоогүй зөрөөд зугтжээ. “Таван үг хэлэх гэсэн яадаг шидэл вэ?” гэсээр аав нь охиныхоо өрөөнд эргэж орж ирэв. “Миний хүү бос. Манай сумаар дүүрэн сайхан залуучууд байна. Тахимаа шүргэсэн ийм сайхан хар үстэй миний сайхан охиныг уйлуулдаг яадаг муу ёдор вэ?” гэсээр охиндоо тал засч, аргадлаа. Наймдугаар ангид орчихсон биеэ даах хэмжээнд хүрсэн охиныхоо бүтэлгүй дурлалд зохицуулагч хийхээр ирсэн аавынхаа төрхийг одоо бодоход гол зурж, хөнгөн гуниг төрнө.
Тэгж явсаар конкурс ч боллоо, хүсч байсан амжилтаа үзүүлсэнгүй. Сэтгүүлзүйн хуваарь ч аймагт ирсэнгүй. Зүгээр сууж болохгүй, хоёр жил цэцэрлэгийн багш хийлээ. Дөрөв, таван настнуудтай ажиллана. Гитар бариад л дуулна, ангидаа. Айлын бяцхан үрстэй дундаа орж байгаа нь тэр. Үерхлээсээ болж баларсан ч өрөөлийн хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд гар бие оролцов. Зохиомол дуу дуулсанаасаа болж хэрэгт орлоо. “Сартай шөнөөр танай цонх, Саравчны цаанаас гэрэлтээд байна” гэх агуулгатай. Хотын хэллэгээр орцны дуу. Нэг өдөр ангиараа дуулж байхад нь цэцэрлэгийн эрхлэгч орж таарчээ. Сумын, аймгийн ангийн залуучууд нь бүгдээрээ цэрэгт явчихсан. Унтлагын цаг ашиглаж, цэргээс ирүүлсэн захиа занаагаа авах гээд холбоо руу гүйх төдийд л хэрэг манджээ.
Ахын нөмөртэй ХУРИМ
Цэцэрлэгт хоёр жил гаруй багшилсаар 1990 онтой золгож, орон даяар ардчиллын салхи сэвэлзлээ. Баригдмал хэдий ч саяхан л аав, ээжийнхээ ганц эрдэнэ, энгэрийн зүүлт явсан эрх танхи охин үүрээ орхин нисэх цаг болжээ. Өөртөө хайртай хүнтэй суувал жаргана гэсэн найзуудынхаа зөвлөгөөгөөр... “Гэрлэж амжаагүй явна” киноны уурхайн инженер Гансүхтэй тун чиг адилхан төрхтэй залуутай амьдралаа холболоо. Аав, ээжийн зүгээс хүчтэй эсэргүүцэл ирсэн ч тоосонгүй. Хэнд, юунд гөжүүдлээд буйгаа ч ойлгохгүй аавтайгаа зөрөлдсөөр байгаад Дашинчилэнг зорьж хуримаа хийж орхилоо. Хүнтэй суух биш сургуульд явуулах аавынхаа саналыг эсэргүүцээд шүү. Жил болгон конкурс өгөх эрхгүй, мөн л мөнөөх хуучин нийгмийн тогтоосон үзэл суртал. Тэр ёсоор хоёр жил болж байж шалгалт өгөх ёстой байж. Байгаа тогтолцоо нь тийм. Улаан шугамаар таслуулбал дахин боломж олдохгүй, хоёр жил хүлээнэ. Картын бараа, шилжилтийн үе гээд жинхэнэ ороо бусгаа үе ч байж.
1991 оны өвөл. Дашинчилэн сууманд түүний хурим боллоо. Өвөрхангайн алдартай брэнд болсон эрээн гэрт, хамба хилэн дээлтэй Ганаа эгч сууж байж. Эхнээс нь эсэргүүцсэн аав нь очсонгүй. Ганц охиныхоо хуримд очихгүйгээр барахгүй бусдадаа ч хориг тавилаа. Өрхийн тэргүүний үг хууль. Ганц охин дүү нь юм болохоор яаж ч болохгүй, том ах нь зориод иржээ. Гэр дүүрэн зочдын эхэнд цаанаа л сонин бодолд дарагдсан царайтай дуулж суусан ахынх нь төрх одоо ч санаанаас нь гардаггүй.
Цэцэрлэгийн багш хийх хоёр жилдээ тэр бас их олон зүйлтэй нүүр тулсан гэдэг. Нэхдэг, зурдаг, бичдэг гээд ер нь л тал бүрийн авьяастай түүнд даргад загнуулж, бусдын үгээр явах дэндүү хайран цаг хугацаа мэт санагддаг байж. Шүлгийг бараг “үйлдвэрлэдэг” болж. Орой нь утга зохиолын дугуйланд явна. 14 хоногтоо хотоос том том зохиолчид ирнэ. О.Дашбалбар тэргүүтэй олон зохиолчидтой тэр энэ л үед танилцаж байж. Хамаг нандин гоё юмыг тэднээс сонсоно. Хотод үе тэнгийн Б.Ичинхорлоо “Болор цом”-д түрүүлж байхад Б.Ганчимэг хөдөө цэцэрлэгийн багш хийгээд суух нь аймшигтай. Үе үехэн дотроос нь юм оргилно. Энэ үед яруу найрагч Д.Баянтунгалагийн “Миний охин сайн шүлэгтэй дээ. Хот руу яв” гэсэн үг ташуур болж, хэтийн зорилгыг нь улам дэвэргэлээ.
Аав, ээжийнх нь нас нь нэлээн дээр гарчихаад байдаг. Одоо ээж нь 92 настай гэхээр тэр үед 60 гаруй настай улс, мэдээж залуу байсан байж таарна. Гэхдээ түүнд тэгж санагдахгүй. Охиноо төрүүлснийхээ дараа 1992 онд хөхнийх нь сүү урсаж байхад л конкурсын дүнгээ хүлээж суусан омголон, дэврүүн залуу нас.
“Сургуулиас хөөсүгэй!”
Их сургуулийн төгсөлт боллоо. Ганаа эгч ангийнхнаа гэртээ урьж, сайхан цуйван сэгсрэв. Ж.Батбаатар багш тэргүүтэй ангийнхан нь Тасганы овоонд “десант” буулгах нь тэр. Ногоон спирт найруулна. Тэр нь дууслаа. Зурагтын эцсийн буудал руу “нэмэлт хүнс”-нд явахаар болов. Ж.Батбаатар багш, Ганпүрэв, Ганаа эгч гурав “Дарьбазар”-длаа. Нэгдүгээр курст тоож мэндэлдэггүй явсан Ж.Батбаатар багш төгсөх жилээ ангийнхантайгаа хэзээний анд, нөхөр болчихсон мэт ойр дотно болсон үе. Эцэст очтол дэлгүүрийн хашаанд найман ханатай гэр дүнхийх. Тооноор нь гэрэл асгарч байх юм. Хүнтэй байгаагийн шинж. Тэр даруйд Ганаа эгчийн толгойд нэгэн бодол төрснийг шууд хэлсэн нь “Багшаа энэ Б.Ичинхорлоогийнх. Тэд бидний адил найрлаж байгаа бололтой” гэжээ. Яваад орлоо, Б.Сарантуяа, Б.Ичинхорлоо нар сууж байна. Бусдын зараалаар явсан гурав юун захиас манатай тэндээ шингэцгээв.
Хэл судлаач, орчуулагч Ш.Одонтөр агсан хичээл орно. Уг нь Ганаа эгчтэй үеийнх ч унагаах гээд үзнэ. Хүүхэдтэйгээ сэхээнд хэвтэж байгаад гарч иртэл сургуулиасаа хөөгдөхдөө тулсан байв. Нэгдүгээр курст, Баярхүүгийн Ичинхорлоо 32, Бадамдоржийн Ганчимэг 28 цаг тасалжээ, “Сургуулиас хөөсүгэй!” гэж байна. Деканы хурлаар орууллаа. Урдуур, хойгуур нь багш нар нь гүйж байж авч үлдлээ. “Б.Ганчимэг бол дураараа таслаагүй. Хүүхэд нь өвдөөд тасалж” гэсэн тайлбар сургуулиас хөөх шалтгаан болсонгүй. Тэгж явтал Ш.Одонтөр самбарын өмнө дуудаж байна. Ангийнхан нь инээлдээд болдоггүй. Тэгэхээр нь учирлалаа, “За багшаа үе тэнгийнх юм, хөдөөнийх юм, хөөрхөн юм, хүүхэдтэй юм. Та одоо больчихооч дээ?” хэмээн шулуухан хэлж орхижээ. Тэгсэн журналаараа нүүрээ дарчихаад л инээгээд байсан гэдэг, Ш.Одонтөр агсан.
Оюутан ахуй нас юунд ч баригддаггүй омголон залуу насны хамгийн хүлээсгүй үе. Ангиараа сурлагын дэвтрээ хуушууранд тавина. Ангидаа маазрах нь энүүхэнд. Нэг өдөр “Ороод ир унтацгаая” хэмээн ангидаа дэггүйтэж байв, Ч.Батцэнгэлийн хамт. Гэтэл Банзрагч багш ороод ирж. Гэнэт байдал бишгүйдэж Ч.Батцэнгэл Банзрагч багштай үзэхээр болж байна. Хүрмээ тайлж, цагаа ч авч байгаа нь харагдав. Шууд л “Яагаад байгаа юм багшаа юу үзэх вэ...? гэж хэлсээр Ч.Батцэнгэл нарын дүрсгүйтэл өндөрлөжээ.
Таныг үгүйлээд ээжээ
Талын наран ч гэрэлтэхгүй
Танил нөхөд маань ч хөндий
Хэцүү байна аа ээжээ... гэсээр дуулна, үргэлжүүлээд давалгаална. “Дээд давхрын хэдэн юмнууд” гэсээр бусдадаа чичлэгдэнэ.
Утга зохиол судлаач, профессор С.Энхбаяр хичээл орно. Залуудаа Ховдод хувьсгал хийж явсан нэгэн. Нэрийг нь эртнээс мэднэ. Ирц бүртгэж, нэрсийн жагсаалт дуудаж байна. Тэгж байснаа “Хадбаатар байна уу?” гэсээр Ганаа эгч рүү харц тогтож, “Чи юу” гэжээ. Яахаараа ч тийм нэртэй хүн нь Ганаа эгч байж таардаг юм. Хожим “Сумын эмнэлгээс Өвөрмонголын Хараат-2 хүрсэн минь” тэмдэглэлийг С.Энхбаяр багш уншчихаад нулимс нь гаргасан гэдэг. Ганаа эгч өөрийгөө маш их шоолно. Шоолж чадахгүй хүнээ больж байгаагийн шинж гэдгийг мэдэх учраас.
Том нүдтэй, бандгар цагаан, царайлаг цагдаа
Багшийн Их Сургууль (УБИС) сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үеийн анхны төгсөгчийн нэг нь Ганаа эгч. Эхний төгсгөсөн ангийн дийлэнх нь зохиолчид. Ихэвчлэн урилгаар орсон хүмүүс. Удаахь нь Ганаа эгчийн үеийнхэн. Цаг үеийнхээ нөхцөл байдлаас хамаарч зохиолч болох хүсэл нь дийлэх үе бишгүй. Амьдрал хэцүү, нөхөр нь сэтгүүлч болгох дургүй. Хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр үзэл бодолтой хүмүүс. Дээрээс нь эцэг эхийнхээ асар их эсэргүүцэл дунд нийлсэн тэд Ганаа эгчийг төгсөх жил салж, хоёр тийш болов. Тасганы овоонд амьдардаг, гэр хорооллын иргэн. Бас том сэтгүүлч болох дориун хүсэлтэй эмэгтэй. Хүүхэдтэйгээ хоёулахнаа нүүрсний ч мөнгөгүй үлдэж хоцорлоо. Тэглээ гээд зүгээр сууж болохгүй. Хөдөөнөөс ээжийгээ авчирч, хажуу өрөө түрээслэв. Дараа нь буцаж хашаа байшинд гарч гэр хороололд шилжлээ. Тамирын дээдэд сурдаг хамаатны дүү нь хань түшиг болно. Бөхийн барилдаан болохоор явж барилдаад 2000 төгрөг олоод ирнэ. Цаг хэцүү үед их мөнгө. Ажил руугаа алхана. Төгсөлтийнхөө хонхны баярт ч очих завгүй, цаг наргүй ажлын төлөө зүтгэж байсан үе. Учир нь тэр хоёрдугаар курсээсээ эхэлж сонинд ажилласан.
Төрийн хэдхэн хэвлэл байсан болохоор тэсч үлдэх, цойлж гарч ирэх л сонголттой. Үгүй бол БАЯРТАЙ. Жилийн дараа дахиад л нөгөө байшингаа суллаж өгөхөөр болов. Аав, ээжийнхээ өгсөн эрээн авдар, хэдэн номоо чирээд унаган багынхаа найзынд Таван буудалд ирж, суурьшлаа. Ах Б.Ганхуяг нь аймгийн Боловсролын хэлтэст ажиллаж байсан болохоор тэнд, ээж дээрээ охиноо хүлээлгэж өглөө. Өөрөө одоогийн Таван буудал орчимд найзынхаа хашаанд жижигхэн амбаарт амьдрахаар үлдлээ. Булан бүрийг цэвэрлэж, номоо нэг талд нь байрлуулж, тэрүүхэндээ тохижив. Хэсэгтээ амьдрах учраас халуун тогоо нэмж авлаа.
Цалингаас цалингийн хооронд дутуугаа нөхөхийн хажуугаар ажлынхаа цайны газарт нэрээ бичүүлээд хоол иднэ, бөөн өр. “Ардын эрх”-ийн “Должин трейд”-ийн цайны газрын Должин эгж Таван буудал руу нүүдэл суудал болсон Ганаа эгчийг сонсоод өршөөл үзүүлж, өр тэглэжээ. Бөөн аз!. Үргэлжлүүлээд оросууд гарч явахдаа орхисон зочид буудалд буйдан зарж буйг дуулгаад, түүнийг авч гэртээ тавь гээд мөнгө зээллээ. 100 мянган төгрөг. Ажлынхаа машиныг гуйж, Сансраас буйдангаа авч Таван буудал руу зөөснөөр овоо тохижиж амжлаа. Ажил, амьдрал үргэлжилж явсаар л... Урд өвөл нь аавыгаа алдсаныг ч хэлэх үү. Өмөөрч, үглэх, заримдаа зэмлэх эрхэм хүн нэгэнт үгүй болжээ.
Гэвч түүнд шантарч, гаргасан жимээсээ буцах шалтгаан байсангүй. Урагшлах л ёстой. Редакци нь Гантуяа, Гантогоо, Ганпүрэв зэрэг олон “Ган”-тай. Тэднээс ялгарах хэрэгтэй байдаг.
Сонины гал тогоо өөрөө хурдтай, мэдрэмжтэй, баримттай, эх сурвалжтай байхыг шаардана. Тэнд шингэж, эд эс нь болж байгаа нь үнэн л юм бол эдгээр бичигдээгүй хуулийг биелүүлэх л үүрэгтэй. 1998 оны гуравдугаар сарын тэр өдөр. Сурвалжилгаа хийчихээд үе тэнгийн найз Н.Саранчимэгийнд хамт очихоор бэлдэж байв. Орон сууцны айлд очиж хононо, ус цасанд орно. Найз бүсгүйчүүд ийнхүү ажлаасаа хамт гараад иртэл үүдэнд байрлуулсан чингэлгийн араас хэдийнэ хоёр тийш болсон нөхөр нь гэнэт гараад иржээ. Балгачихсан байсныг ч хэлэх үү? үг хаяж байна. Хэсэг хормын дараа байдал бишгүйдэж 190 см орчим өндөртэй эр , жижигхэн эмэгтэйг барьж аваад зодож. “Ардын эрх”-ийнхэн ч гарч ирж, Төрийн төв хэвлэлийн сэтгүүлчийн амь насанд халдаж байна гээд бөөн юм боллоо. Цагдаа ч ирлээ, суулгаад авч явахаар болов. Том нүдтэй, бандгардуу биетэй, царайлаг цагдаа нь Ганаа эгчид хэлж байна. “Та заавал очиж хохирогчийн мэдүүлэг өгөх ёстой. Тусгай обьектод болсон хэрэг” гэж. Чингээд СБД-ийн цагдаа руу УАЗ 469 машинд суун явав. Өргөдөл биччихээд гарах гэтэл толгой нь дүүрч, гуйваад эхэллээ. Тэгсэн өнөөх том нүдтэй цагдаа араас нь гүйж ирээд шүүх эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөлөө. Шүүх эмнэлэгт үзүүлэх 2000 төгрөг чамд байна уу гээд асууж байна. Цагдаад өөрт нь бас байсангүй. “Надад даанч мөнгө алга л даа. Гэхдээ танай нөхөрт хорин мянган төгрөг байна. Хэрэв одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй бол чи энэ байшинг тойроод л ухаан алдахад ойрхон байна. Чи дотуур цус алдаж байх шиг байна” гэснээр эргэнэд дүүргийн цагдаагийн байшин руу хамт оров. Протокол бичиж үзүүлээд, баривчлагдаж ирсэн нөхрийн хэтэвчнээс 2000 төгрөг аваад шүүх эмнэлэг рүү хамт явав.
Энэхүү хачин үйл явдлын дараа Ганаа эгчийн найз түүнийг эдгээх гээд хэд хоног Хэнтий рүү дагуулаад явжээ. Цэнхэрмандалд найзынхаа хамаатныд архины шил үлээж, эм тан ууж хэд хоноод долоо хоногийн дараа ирлээ. Айлын хашаанд амьдардаг учраас орой үдшээр нохой хуцуулаад орох хэцүү. Аль болох төвөг үүсгэхгүйн тулд оройтвол ажил дээрээ хононо. Дадлагын шахуу хүүхдийг хүргэж өгөх хүн ч үгүй. Хилэн өмдөө угааж пааран дээр тавьчихаад үүрийн 05.00 цагт босно. Өмдөнд тогтсон паарны ормыг хэд үрээд л өмсөхөд мэдэгдэхгүй, индүүтэй мэт тэнийнэ. Нүүрээ будах ч шаардлага байхгүй. Жижигхэн халимагтай эрэгтэй хүүхэд шиг сэтгүүлч өглөөний шуурхайд ажил дээрээ хоносон шинжгүй гозойгоод сууна. Нэг шөнө ажил дээрээ сууж байтал цагдаагийн хүн уулзахаар ирснийг жижүүр дуулгажээ. Юм юм л бодогдсоор очтол өнөөх бүлтгэр цагдаа, “Чи чинь хааччихав аа” гээд зогсож байж. “Хэнтий яваад ирлээ” гэж хээв нэг хариулснаар эхэлсэн тэдний яриа редакцийн өрөөнд үүр цайтал өрнөсөн гэдэг. Адилхан үе тэнгийн хоёр. Тэр өдрөөс хойш Ганаа эгчийн хойноос гүйсээр амьдралынхаа хань, түшиг тулгуураа болгосон тэр адтай цагдаа нь хурандаа Амгалан.
Халуу оргисон байшингаас хоёр өрөө байр хүртэл
Ганцаараа хоосон амбаарт амьдарч байсан тэрбээр хоёулаа боллоо. Сэтгүүлч хүн шөнө орой явна. Заримдаа “За, байцаагчдаа үнэнээ хэлчих” гээд нөхөр нь хошигноно. Эгэл жирийн даруухан амьдралтай, тэр ахлах ахлагч “Би охин та хоёрыг жаргалтай амьдруулж чадна” л гэж амласан гэсэн.
Гэхдээ Ганаа эгч, Амгаа ахыг нэн түрүүнд найзуудынхаа хурлаар оруулжээ. Дуучин Т.Ариунаа, сэтгүүлч Р.Даваажав, дуучин Б.Мягмарсүрэн гээд эхэндээ бүгд л эсэргүүцжээ. Харин танилцаж, нөхөрлөнгүүт дараа нь бүгд дуу нэгтэйгээр дэмжсэн гэж байгаа юм. Ж.Мягмарсүрэн эрхлэгч нь “Энэ Ардын эрхийн хашаанд л нэг эргүүтсэн юм ирж чамтай суудаггүй л юм бол та нарт хүнтэй танилцаад зугаалж явах цаг зав хэцүү шүү дээ” гэж хэлж байсан гэдэг. Харин Б.Ганболд эрхлэгч “Чи том сэтгүүлч болно. Гэхдээ нямбай, чамбай явбал шүү” гэж хэлж байсан тухай тэр дурсан ярьдаг. Мийгаа эрхлэгч яруу найрагч залуус ойр хавьд нь эргэлдэхээр шүүмжлэнгүй нүдээр харна. “Мөрөн дээгүүрээ цагаан алчуур тохож, шанаагаа тулж зургаа авахуулсан хүн болох гэж байгаа юм уу” гэж ёжлонгуй инээмсэглээд хэлж байсныг нь мартдаггүй. Ганц гайгүй сэтгүүлч бэлтгэхийн тулд санааг нь өөр тийш тавиад туучихгүй гэсэндээ л тэдгээр эрхлэгч нар тэгж хэлж байсан байх.
1998 оны гуравдугаар сараас хойш амьдралын жаргал, зовлонгоо хуваалцаж өдийг хүрсэн тэд 23 жилийг ардаа үджээ. Цагдаагийн хүн болохоор ханийнхаа мэргэжилд хүндэтгэлтэй хандана. Сайхан дуулна. Охидууддаа амь. Бага нь 17, том нь 28-тай. Том нь 10 жил гадаадад суралцаж мэргэжил эзэмшсэн, олон улсын хуульч мэргэжилтэй. Бага охин нь дунд сургуулийн ахлах ангийн сурагч.
Ганаа эгчтэй анх суухдаа Амгаа ах александр шигтгээтэй монетон бөгж өгчээ. Александр өөрөө өнгө нь хувирч харагддаг чулуу. Хайртай хүндээ өгч болдоггүй гэдэг яриа сонсогддог. Яагаад ч юм Амгаа ах тийм бөгж өгсөн байдаг. Гэхдээ Ганаа эгчийн хамгийн хайртай нандин дурсамжийнх нь илэрхийлэл болон хадгалаатай явдаг байна. Ханилан суусныхаа 20 жилийн ойн үеэр хоёр талынхаа найз нөхдийг цуглуулж, хуримтлуулсан мөнгөөрөө авсан бриллиантан шигтгээтэй бөгжөө өгч, хоёр дахь удаагаа гэрлэх санал тавьжээ. Учир нь манай хоёр гэрлэлтээ батлуулж амжаагүй явж.
1998 оны арванхоёрдугаар сард сониныхоо шилдэг бичлэгийн шагналыг Ганаа эгч, Л.Түдэв, Баабар нарын хамт авчээ. Энэ үед Ж.Мягмарсүрэн эрхлэгч “За, орон байртай бол доо” гээд дөрвөн сая төгрөг өгсөн байна. Дамбадаржаад 15 мянгаар жижиг байшин түрээсэлж явсан тэдэнд энэ нь гайхамшигтай том дэмжлэг болов. Гар дээр бэлэн байгаа мөнгөнд таарах байр олдсонгүй. Хайж явсаар хотын зах руу Депод хоёр өрөө олдлоо. Гэхдээ зургаан зуун мянган төгрөг сох дутав. Хоёр жилийн хугацаатай зээл авлаа. Ганаа эгчийн үндсэн цалин 52 мянга, нэмээд бичлэгийн шагнал авна. Таксигаар сурвалжилганд явахгүй. Бүгд л гүйдэг байсан үе.
Жижигхэн шавар байшингаа манай хоёрт түрээсэлдэг өвөө эмээгийн “22.00 цагаас хойш битгий хашаа давж орж ирээрэй” гэх сануулга олон жилийн өмнө тэдний хувьд хууль байв. Нохой хуцуулахгүй сэмээрхэн орох гэж хичээнэ. Халуу дүүгэсэн тэр жижигхэн байшинд нь очоогүй найз үгүй. Хадмынхаа өгсөн хивсийг тавиад л гэр нь дүүрчихсэн гэсэн. Анхандаа Амгаа ахаас амьдрах байртай юу гэж асуухад “Байгаа” гээд төвөггүйхэн хариулжээ. Тэгсэн Амгалангийн найз Энхтүвшин гэдэг ахмад нэг л сонин хулмалзаад л, “Ганаа, Сэтгэлээ бариарай” гээд байж. “Яасан” гэтэл “ Уучлаарай, найз аа. Манай хүнд ерөөсөө тийм байшин байхгүй. Цагдаа нар сар, сараар ээлжилж амьдардаг өрөөг хэлээд байгаа юм аа” гэж байсан хөгтэй дурсамж тэдний дунд бий. Тэгж л явсан улс корридорт нь хүүхдүүд уралдаж гүймээр том байртай болон нүүж орлоо. Хоёр өрөө байр тэгж санагдахаас ч яахав.
Нохой хуцахгүй, шөнө орой чимээ гаргалаа гэж хүн дургүйцэхгүй. Хээр талд цээж дүүрэн амьсгаа авч байгаа юм шиг байрандаа ороод хоёулаа нэг сайн хашгирсан гэсэн. Өөрийн юм гэдэг өөр. Охиноо Орос гуравдугаар сургуульд орууллаа. Амгаа ах Депогоос микронд сууж, төв рүү орсныхоо дараа бууж, такси барина. Охиноо таксигаар сургуульд нь хүргэдэг аав болж байгаа нь тэр. Том том жийпнээс нүд нь аниатай жижигхэн жижгхэн пээдгэр жаалууд л тэр сургуулын гадаа бууна. Ахлах ахлагч дундуур нь такситай яваад байдаг. Үүнийг нь харин Ганаа эгч сүүлд мэдсэн гэдэг.
Амгаа ах Сүхбаатар дүүргийн цагдаад анх цэвэрлэгчээр орсон нэгэн. Магадгүй багаас нь дээшилж, хурандаагийн мөрдэс зүүсэн цөөхөн алба хаагчийн нэг.
Хайнань энэ тэр явж чадахгүй нь. Уучлаарай, гэхдээ би чамд Монголын бүх нуурыг үзүүлнэ гэсэн Амгаа ахын үг бал сарынх нь аялал болсон гэдэг. Бас хамгийн хурдан биелүүлсэн амлалтынх нь нэг. Ахынхаа машиныг гуйж аваад л наймдугаар сард гараад давхилаа. Одоогийнх шиг гоё зургийн аппарат, гар утас энэ тэр гэж байхгүй. Бидний хэлдгээр нэг муу “Савангийн хайрцаг”-аар дарсан бүдэг бадаг хэдэн кадртай үлдсэн ч хамгийн супер бал сарын аялал.
Усгүй шахам газар төрж, өссөн Ганаа эгч Завханы Тэлмэн нуурыг анх хараад л ангайсан гэдэг. Зун дуусан яагаа ч үгүй байхад, Увс нуурын хөвөөнд хоноод сэртэл өглөө нь цас орсон байх жишээтэй. Хайнань, Чежүгээс илүү ийм бэлгийг ханиасаа авсан гэнэ лээ....
Үргэлжлэл бий
С.Гандөл