Ч.Өнөрбаяр: Сайд Ц.Нямдорж өрөөндөө уйлаад сууж байгаа гэж найдъя

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр зарим мэдээллийг өгсөн юм.

 

Тэрбээр “Өмнө нь хоёр ялтан нэгнээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулаад гүйж байсан. Тэр үеийн Хууль зүйн сайд, одоогийн Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Энэ ямар бузар булай, аймшигтай зүйл вэ" гэж халаглаж суусан. Гэтэл өнөөдөр өөрийг нь Хууль зүйн сайдаар ажиллах байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, иргэдийг тамлах зовоосон цагдаагийн албан хаагчдыг тэр хүн мэдээгүй өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагыг удирдаж, хуулийн салбарыг толгойлж байсан хүмүүс энэ асуудлыг мэдээгүй өнгөрүүлсэн байна. Ийм хариуцлагагүй байх таарахгүй. Одоо Хэрэг эрхлэх газрын дарга өрөөндөө уйлаад сууж байгаа байх гэж найдаж байна. Энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой.

 

Иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлддэг, хүний эрхийг ноцтой зөрчдөг, цагдааг өөгшүүлж байсан Хууль зүйн сайд, Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой. Цагдаа иргэдээ хамгаалдаг болоход төр юу хийсэн бэ? Хууль сахиулах тогтолцоог өөрчлөх бодлого үгүйлэгдэж байна. Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж олон нийтээс уучлалт гуйх ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголын хамгийн үнэтэй баялаг бол ард түмэн" гэж хэлсэн. Тиймээс сайд дарга нартаа хариуцлага тооцооч” гэлээ.