Шагайгаар бүтээдэг суудлын бүрээс

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Н.Мөнгөнцэцэгийг урьсан юм. Тэрбээр Дэлхийн зөн олон улсын байгууллагад хөгжлийн ажилтан хийдэг.

Ангийнхаа хөдөлмөрч хүүхдээр шалгарч байсан авьяаслаг охин найзтайгаа хамтарч хуучин хувцасныхаа загварыг өөрчилж, өөрөө оёчихдог байжээ. Наймдугаар ангидаа анхныхаа ажлыг ээжийн хамт хийж, шагайгаар машины суудлын бүрээс хийх санаагаа олсон байна. Гэртээ байгаа шагайн дээр хамаатнуудаасаа нэмж аван, хамгийн анхны загвараа гаргажээ. Аливаа ажлыг аргыг нь олж, эхлүүлэх хэцүү. Шагайгаа хэрхэн цоолохоо мэдэхгүй. Хоёр ширхэг шагайг бүх талаас нь цоолж учраа олох гэж нэлээд уджээ. Олон хоногийн хүч хөдөлмөр шингээж, инээж, уйлж санаандаа нийцэх загвараа гаргав. “Анх хас хээтэй загвар гаргасан. Гэр бүлээрээ ухаанаа уралдуулсан гэж хэлж болно. Шагайн суудал нь өөрөө эмчилгээ гэсэн үг. Шамбрам, хуян, нурууны өвчний үед массаж болон урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Буянт малынхаа шагайг, үндэсний хээтэй хослуулсан учраас харагдах байдлаасаа ч хүний харцыг булаадаг” гэв.

No description available.

Шагайн суудлын бүрээс хийхэд ажиллагаа ихтэй. Эхлээд тос гарахгүй болтол нь чанана. Түүний дараа нэгбүрчлэн цоолж, будганд оруулна. Холбож хэлхээд, хээгээ зураглаж, бичнэ. Шат дамжлага бүрийг Н.Мөнгөнцэцэг ганцаараа гардан хийнэ. Анх ширхэг шагайг 50 төгрөгөөр авдаг байсан бол үнэ нь өсч 100 болжээ. Арав гаруй жилийн хугацаанд 200 гаруй захиалга урласан байна. 2010 онд босоо монгол бичгээр МОНГОЛ гэж бичих санаагаа олжээ. Хийж байгаа ажилдаа сэтгэл зүтгэл зориулдаг нь түүний арга барил гэхээсээ илүүтэй амьдралаас олж авсан дадал. Тиймээс үндэсний хэв шинжтэй хослуулах энэ санаагаа олох гэж нэлээд олон сарын бодолд дарагдсан гэдгээ  онцолж байв.

Ажлыг хийх тусам сайжирна. Н. Мөнгөнцэцэг захиалагчийн хүссэн загварыг чанарын өндөр төвшинд хийж чадахаар туршлага хуримтлуулжээ. Нэг суудал хийхэд 950-1000 шагай орно. Шагайны том жижгээс шалтгаалж, нэмэгдэж, хасагдах тохиолдол байдаг гэнэ.

No description available.

“Үндэсний үйлдвэрлэл өнөө үед маш сайхан хөгжиж байна. Хүний ур ухаан цаг хугацаа сэтгэл зүрх шингээн бий болгосон бүтээл бүхэн үнэ цэнэтэй. Миний хувьд өртөгт суурилан үнээ тогтоохын хичээдэг. Ажиллагаа ихтэй учраас 280 мянган төгрөгийн үнэлгээгээр захиалга авч, хийж өгнө. Нэг бүтээл гаргахад 10-14 хоног болдог байгаа” гэсэн юм. 

С.Ичинхорлоо

No description available.No description available.No description available.No description available.