Х.Хэрлэн: Шатахууны үнийг 100 орчим төгрөгөөр буулгах чиглэл өгсөн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй шатахууны асуудлаар уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр салбарын сайд Г.Ёндон “Үндсэндээ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд Засгийн газар шатахууны үнийг бүтэн жил барьж чадсан. Харамсалтай нь, тэд ашгийн төлөөх байгууллага алдагдал хүлээж эхэлсэн. Алдагдал нь литр тутамд 600 төгрөг хүрсэн. Цаашид үргэлжилбэл авто бензины хомсдол үүсэх байсан” гэдгийг онцолсон.

Харин “Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт нефть импортлогч болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниуддаа 100 орчим төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн” гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар дарга Х.Хэрлэн хэллээ.

Тэрбээр "АМГТГ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран шатахууны жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Гэхдээ үнийг тогтоодоггүй. Хяналт тавина гэдэг нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу хэрэгжих бөгөөд иргэдийн нуруунд ачаалал үүсгэхгүйгээр, олон улсын зах зээлийг шууд дагаж савлаад байхгүйгээр хамгийн зохистой бага төвшинд үнийг барихыг нефть импортлогч компаниуддаа зөвлөж ажилладаг. Өчигдөр зарим компани жижиглэнгийн үнээ 50 төгрөөр буулгасан. Өнөөдрөөс бусад нь 100 хүртэлх төгрөгөөр үнээ буулгана" гэлээ.