Э.Гэсэрмаа: Японд хүүхдээ багаас нь амьдралд бэлддэг

Дэлхийн өнцөг булан бүрт авьяас чадвараараа тэргүүлж, амжилттай ажиллаж буй олон зуун монгол залуус бий. Тэдний нэг болох Япон улсын Нагояа хот дахь ахлах сургуульд англи хэл, түүхийн багшаар ажилладаг Э.Гэсэрмаатай ярилцлаа. 

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Улаанбаатар хотын унаган иргэн. Нийслэлийн арван жилийн 34 дүгээр дунд сургуулийг төгссөн. Японд ажиллаж, амьдраад зургаан жил болж байна.

-Эх орон, ээж аав, хүүхэд насны дурсамж дүүрэн он жилүүд таны сэтгэлд одоо ч тодхон санагддаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Ээж, эмээ хоёртойгоо өссөн айлын ганц охин. Тэд маань бурхны оронд одоод олон жил өнгөрчээ. Хүүхэд нас маань бусдын адил дурсамж дүүрэн сайхан өнгөрсөн. Хотын захын улсын сургуульд 1-10 дугаар анги хүртэлээ сурсан.

-Мэргэжил сонголт гэдэг маш чухал. Таны хувьд багш мэргэжлийг сонгож, суралцах болсон шалтгаан чухам юу байв?

-МУИС-ийг Нийгэм Соёлын Антропологич-Түүхийн багш мэргэжлээр 2011 онд төгссөн. Японы Шига мужийн их сургуульд оюутан солилцоогоор суралцаж анх Япон хэл үзэж байлаа. Багш судлаач мэргэжилтэй. Америкийн их сургуулиудын хамтран зохион байгуулдаг онлайн хөтөлбөр болох edX-ийг “Баримт бичгийн анализ хийх болон заах арга зүй, дата боловруулалт” чиглэлээр дүүргэсэн. Англи, Япон хэлийг одоогоор бие даан гүнзгийрүүлэн суралцаад явж байна.

Нийгэм Соёлын Антропологи-Түүхийн багш мэргэжилтэй болоход хөгшин ээж маань нөлөөлсөн  болов уу гэж боддог. Ном унших дуртай, эмийн ургамал, бариа засал зэрэг ардын ухааныг сонирхож хэрэгжүүлдэг хүн байсан болохоор түүх угсаатны зүй, хэл сурах нь надад дөхөм санагдсан. Их сургуульд орсны дараа багш нараасаа олон зүйлийг сурсан. Төгсөөд удсан ч үргэлж тусалж, дэмжиж ойрхон байдагт багш нартаа баярлаж явдаг. Тэднээсээ их урам зориг үлгэр дууриалал авсан.

-Их сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг ямар газраас эхлүүлж байсан бэ?

-Сургуулиа төгсөөд хувиараа аялал жуулчлалын бизнес зургаан жил эрхэлсэн. Англи хэлээр ярих, бичих, бизнесээ явуулах шаардлагатай ажил байсан. Монголынхоо үзэсгэлэнт газруудаар ажлаа хийнгээ аялах боломж олддог байсанд их талархдаг.

-Япон улсын Нагояа хотын ахлах сургуульд англи хэлний багшаар ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-Удаагүй. Хоёр жил болж байна.

No description available.

-Хүний нутагт ажиллаж амьдарна гэдэг хэцүү. Та ажил хайж явсны үндсэнд орсон байх. Монголд бол анкет бөглөөд шалгаруулалтад тэнцвэл ажилд орох боломж нээгддэг. Японд ямар журмаар ажилд авдаг вэ?

-Ажилд орно гэдэг маш олон шат дараалалтай үйл ажиллагаа явдаг гэж хэлж болно. Ажилд орох анкетаа хүний сонирхол татахуйц дүрэм журмын дагуу зөв бөглөх хэрэгтэй. Шуудангаар буюу цаасаар бичиг баримт явууллаа гэхэд дугтуугаа нээхэд л өөрийн чинь нэр танилцуулах хэсэг шууд харагдахаар эвхэж хийх ёстой. Ажил олгогч эсвэл зуучлагч компанитайгаа албан бичгээр харилцахдаа хэрэглэх үгээ зөв сонгоно. Жижиг деталлуудад анхаарах шаардлагатай болдог.  Ярилцлагад дуудагдах хүртлээ ажилтай. Тэнцвэл ажил олгогчоос өгч буй заавар зөвлөмжийн дагуу явахад ер нь хурдан гольдиролдоо ордог гэхэд болно.

Багш нарыг ажилд авах шалгуурийн тухайд бол ярилцлагад дуудахаас өмнө бичиг баримтын шалгуурыг хангасан байх шаардлагатай. Боловсрол болон ажлын туршлага, унаган англи хэлтэй биш бол TOEIC шалгалтын оноо зэргийг хардаг. Ярилцлага нь ихэвчлэн хоёр шаттай. Тэнцсэн тохиолдолд туршилтаар хичээл заалгуулж үзнэ. Хичээлийн явцыг видео болгож бичиж авна. Үүний дараа хүүхдүүдээр санал асуулга буюу сэтгэгдэл бөглүүлж сургуулийн захирал менежер ахлах багш нар зөвлөлдөөд эргэж хариу өгсөн.

-Туршилтын хугацаа хэдэн сарын турш үргэлжилсэн бэ?

-Миний ажиллаж байгаа сургуулийн хувьд “International school” болохоор дотроо бага дунд ахлах сургуультай. Гэрээний гурван сарын хугацаанд бүх насны хүүхдүүдэд хичээл заалгуулсан. “Дунд болон ахлах ангийн сурагчдад” Түүх нийгэм-Англи хэлний хичээл зааж байна.

-Японд бүх зүйл цагийн хуваарийн дагуу үргэлжилдэг. Дүрэм  журмын хувьд ч өндөр стандарттай байх. Энэ нь танд хэрхэн нөлөөлж байв?

-Ихэнх байгууллага өөрсдийн дүрэм журам хүний нөөцийн бодлого тогтсон стандарттай. Гадаад хүмүүст эхэндээ бага зэрэг  хүнд тусдаг. Жишээ нь хурц үнэртэй ус түрхэж болохгүй, нүүрээ тод будаж болохгүй. Персинг болон шивээстэй байж болохгүй. Биеийн хэсэг гарсан хувцас өмсөхгүй. Сурагчтай хувийн харилцах хаягаа солилцох хориотой. Хувь хүний гэмээр олон дүрэм журмыг хөдөлмөрийн гэрээнд тусгаж өгдөг. Нөгөө талаар энэ нь бусдад үзүүлэх нөлөө үлгэр дууриал өмнө гарч байсан асуудалд үндэслэж гаргасан нөхцөл учраас алдаа гарах магадлалыг багасгаж өгдөг болов уу?

-Японы боловсролын системийг дэлхий нийтэд үлгэр жишээ болохуйц гэж ярьдаг. Таны хувьд боловсролын салбарт нь ажиллаж байна. Мэдээж Монголдоо нутагшуулах зарим санаа төрдөг л байх?

-Үнэнийг хэлэхэд би багшаар ажилласнаас хойш өөрөө маш их зүйлийг суралцаад явж байна. Ажилдаа ч дуртай. Японы боловсролын системийг дүгнэхэд арай эрт санагдаж байна. Хүүхдүүддээ шинжлэх ухааны мэдээлэл өгөхөөс илүү амьдралд бэлддэг. Жишээ нь, 10-аас дээш насны хүүхдүүдэд мөнгөтэй хэрхэн харьцах тухай хичээл ордог  нь их сонирхолтой. Хэрхэн хадгаламжтай болох, найзынхаа төрсөн өдөрт зориулаад хэдэн төгрөгөөр бэлэг авч өгвөл зохистой вэ? зэрэг тухайн насандаа гаргаж болох мөнгөний эрсдэлийн тухай заадаг.

Биеийн тамир буюу эрүүл мэндийн боловсролын хичээлд өндөр ач холбогдол өгдөг. Архи уувал чиний биед ямар процесс явагдах вэ?. Бэлгэвч хэрэглэхгүй бэлгийн харьцаанд орвол ямар ямар эрсдэл хүлээж байгаа вэ?. Ус бага уувал чиний биед юу болох вэ? зэргээр амьдралд хэрэгтэй зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүүхдүүдэд ойлгомжтой арга барилаар заавал ирээдүйн амьдралд нь бэлтгэхэд нэг шат ахих юм болов уу гэж боддог. Миний хувьд цагаахан атаархдаг зүйл бол Японы ихэнх хүүхдүүд математикийн хичээлдээ маш сайн, дуртай. Хэдэн цагаар ч бодлого бодоод төвлөрөөд суухад бэлэн. Маш прагматик буюу аливааг их бодьтой харахыг хичээдэг. Дээрхи бүгдийг нэгтгээд хэлэхэд шинжлэх ухааны мэдлэгийг амьдралдаа нэвтрүүлээд хэрэглэдэг болбол илүү хурдан хөгжих юм болов уу гэж бодож байна.

Enkhtuya Gesermaa гэх мэтийн зураг байж болно

-Японд боловсролын систем тогтвортой байх зүй тогтолтой гэдэг. Харин монголын боловсролын системийг үе үе өөрчлөгддөг, тогворгүй гэж шүүмжилдэг. Шинэ сайд ирэх бүрд боловсролын системд өөрчлөлт хийдэгтэй холбоотой байх. Таны бодлоор?

-Миний хувьд мөн л ахадсан асуулт гэж бодож байгаа ч өөрийнхөөрөө хариулахыг хичээе. Японд нэг ажиглагддаг зүйл бол шинэ зүйл хийж бүтээх гэж байгаа бол хэзээ ч өмнө хийсэн зүйл, хүмүүсээ үгүйсгэж шүүмжилдэггүй. Харин байгаа суурин дээр нь яаж сайжруулах вэ гэдгийг л эхлээд боддог. Аливаа зүйл бага багаар сайжраад явдаг. Багаар ажиллах бусдыгаа бодох, сонсох, хүндлэх нөгөөтэйгүүр төвөг удахгүй байх гэдэг нийгмийн ойлголтыг чухалчилдаг. Энэ нь эргээд боловсролын систем бодлого нь тогтвортой байх үндэс юм болов уу гэж боддог. Аливаа шийдвэрийг маш их судалж олон талаас нь харж эрсдэлүүдийг тооцож төлөвлөж амьдралд хэрэгжих боломжтой эсэхийг нь туршиж байж гаргадаг. Монголдоо хүсэж байгаа зүйл маань өмнө хийж бүтээсэн хүмүүсийнхээ ажил бодлогоос авахыг нь авч тэр суурин дээр нь хөгжүүлэлт хийдэг байгаасай. Нам улс төрөөс илүү улсынхаа эрх ашгийг нэн түрүүнд тавьдаг байгаасай судалж нягталж туршиж байж шинжлэх ухааны үндэслэлтэй урт удаан хугацаанд үр өгөөжөө өгөх бодлого боловсруулж тогвтортой ажиллах системыг бүтээгээсэй. Бие биенийгээ шүүмжлэхээсээ илүү хамтарч ажилладаг байгаасай гэж хүсч байна. Нэмж хэлэхэд шийдвэр гаргах төвшний хүмүүс нь тухайн салбараа маш сайн мэддэг туршлагатай ч шинэ үеийнхнийхээ хүсэл хэрэгцээг ойлгож чадвал эх орон минь илүү их хөгжинө. 

-Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монголд цахим болон танхимаар ээлжилж хичээллэх төлөвлөгөө гаргасан байгаа. Харин Японд  энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Японд байнга танхимаар хичээллэж байгаа. Халдвар хамгаалалтын  дэглэмээ сайтар баримталж, цаг тутамд ариутгал хийдэг. Эцэг, эхчүүдээс ариутгал хийх зардалд бага хэмжээний татаас авч байгаа.  Өнгөрсөн жилийн тавдугаар сард “Ковид-19” вирус анх гарахад нэг сар орчим цахимаар хичээллэсэн. Түүнээс хойш байнгын танхимаар хичэээллэж байна.

 -Эх орондоо ирж ажиллах амьдрах бодол бий юу?

-Одоогоор яг төлөвлөсөн зүйл байхгүй байна. Харин ажлаа тарж ирээд зарим өдөр нь онлайнаар монголчууддаа англи хэлний хичээлийг заадаг. Цаашдаа Монголынхоо өвсөр үеийнхэнд зориулсан онлайн хөтөлбөрүүд боловсруулж сурч мэдсэн зүйлээ хуваалцах зорилготой.

 С.Ичинхорлоо