Xүсэл мөрөөдлөөр нь ШОУ хийх эрх хэнд ч байхгүй!!!

Тэр Ази тивдээ НЭГ, Дэлхийд ХОЁРдугаарт эрэмбэлэгддэг юм, 60 кг-ийн чансаанд. Өдгөө 25 настай энэ хүү “Рио-2016” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн XVIII наадам, Ази тивийн хошой аварга цолтой. Сүүлд буюу 2021 оны тавдугаар сарын 31-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д Ираны боксчин Данияал Шахбахшийг 5:0-ээр илт давуу ялж, тивдээ өөрийгөө дархалсан нэгэн. Энэ амжилтынх нь дараа, бүр тодруулбал Токиогийн олимпын эрхээ гуядаж авсных нь хариуд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртээж байв.

Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтын буухиаг таслалгүй үргэлжлүүлж, Ази тивд босоо явсныхаа шагналд тэрбээр эл спортоос төрсөн ээлжит Гавьяат болсон нь энэ. Цол дагаж бяр гэгчээр Токиогийн олимпоос медаль хүртэх нь тодорхой таамагтайгаар явсан хүү хүрлийн төлөө ОХУ-ын тамирчинтай тулаан хийж, дутуу гаргасан ч шүүгчийн шийдвэрээр харамсалтай ялагдал хүлээсэн юм. Тулааны дараа Монголын баг зөвлөлдөж, шүүлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, албан ёсоор гомдол гаргасан ч амжилт олоогүй. Яг л 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон ДАШТ-ий шигшээ тоглолтод Монголын тамирчин шүүгчийн илт булхайтай шийдвэрээр ялагдаж, тамирчин хүн байтугай энгийн хүн уураа барж байсан шиг. Жижиг улсын зовлон гэдэг ердөө л энэ. Иймэрхүү их спортын шүүлтээр илэрдэг асуудал. Гэхдээ Чикагогийн ДАШТ-ээс жил хүрэхгүй хугацааны дараа манай тамирчин Бээжингийн олимпод өрсөлдөгч бүрээ дутуу гаргагаас Төрийн дууллаа эгшиглүүлсэн хоёр дахь аварга болж байлаа.

Үүн шиг хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл олимпын рингэнд ялалтаа илт давуу луйвардуулсан хүү ээлжит томоохон тэмцээндээ эх орноо төлөөлөх бус бүр хөөгдөх шийдвэрийг хүлээж авсан нь олон нийтийн эгдүүцэх гол шалтгаан болов. Тэр хэлжээ, “Намайг уучлаарай, надад нэг боломж олгооч” гэж. Бүр хадаг барин өвдөг сөгдөн гуйсан байх юм. Хариуд нь холбооны зүгээс асуудлыг уламжилж, аль болох хурдан хугацаанд Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ гэжээ. Нэг үгээр, саяхан өмөөрч, эсэргүүцэх нэг ч хүний саналгүйгээр 100 хувь буюу Удирдах зөвлөлийн 19 гишүүн бүгдээрээ гар өргөсөн шийдвэрээ эргэж харах юм байх. 

Үнэхээр тэд алдаатай шийдвэр гаргасан эсэхээ эргэж хараад олимпоос медаль боломжоо хулгайлуулсан ХҮҮгийн эрхийг сэргээж, нааштай шийдвэр гаргавал нэг хүн бус нийтээрээ алга таших шалтгаан. Мэдээж хүү алдсан. Шударга ёсны хэмжүүр болсон сайд холбооны ерөнхийлөгч болсных нь дараа асуудал гаргасан, ах нарынхаа өмнөөс хэгжүүрхсэн зэрэг асуудал үүссэн. Гэхдээ түүнд зөвлөх, алдахад нь түшиж, тулах ахмад үе, энгийнээр тайлбарлавал дасгалжуулагч байсангүй. Үүнийг өөрөө ч нэр бүхий нэвтрүүлэгт оролцохдоо тодорхой ярьсан нь түүний талаарх олон хүний буруу ойлголтыг арай өөр хэмжүүр рүү хөтлөх шиг боллоо.

Хамгийн хачирхалтай бөгөөд жигтэй нь хүүгийн тэрхүү ярилцлагаас хойшхи олон нийтийн масс гэхээсээ нэр бүхий хүн, ТББ, бүр том зургаараа нэгэн зууны түүхтэй байгууллага хүртэл түүнийг өмчилж, өөрсдөдөө тэрхүү уур амьсгалыг чиглүүлэх гэж оролдсон нь үнэнийг хэлэхэд “Бай”-гаа оносонгүй. Эсрэгээрээ Хүүгийн хүсэл мөрөөдөлд дөрөөлж, ШОУ хийсэн нь өөрөө таагүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй түүн шиг хүн бүрийг ээлжит Пи-Арынхаа хэрэглүүр болгохоос сийхгүй гэдгээ харууллаа. Угтаа бол хүү уучлал гуйсан, ойрын хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн, харин түүнийг хүлээж авах эсэх нь холбооны шийдвэрээс бүрэн хамаарах л асуудал. Тэгээд ч ирэх сар хүртэл зай ч байна, хугацаа ч байна. Цагаа тулвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ч шаардлага хүргүүлэх эрх нь нийт ард түмэнд хадгалагддаг юм.

С.Гандөл