Намар учирсан хосууд

Уулын хяраар цас хаялж, усны шувууд ганганан буцаж, шаргалтсан навчис газарт хөглөрөн унахаас намар цаг алсарч буйг илтгэнэ. Модод шар дээлээ өмсч, сэвэлзүүр салхитай зэврүүн өдрийг гүүгээ саах бүсгүй, унага татаж, хань руугаа харж инээмсэглэх залуу чимэх аж. Алсад хонь бэлчиж, аргалын утаа яндангаар суунаглаж, айрганд тос даажээ. Ай намар, алтан намар... Тэд намрын хонгор өдөр танилцаж, нэгэн гэр бүл болж, хөдөө нутагт аж төрж, хүмүүний амьдралын түүхээ хамтдаа бичиж явна. Төв аймгийн Сэргэлэн сумын малчин Ц.Түмэнжаргалын гэр бүлийг “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” цувралдаа онцоллоо. Бүсгүйг М.Шинэсар гэдэг. Тэд 2015 онд өрх тусгаарлаж, гурван хүүхдийн хариуцлагатай аав, ээж болжээ.

Ц.Түмэнжаргал багаасаа мал маллах ухаанд суралцаж, хурдны морь унаж өсчээ. Айлын ганц хүү удмаа үргэлжлүүлж явАа тэрбээр арван жилдээ алтан гурав сурдаг сурагч байсан гэдгээ нуусангүй.

М.Шинэсарын хүүхэд нас дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт өнгөрчээ. Эмээгийн хайртай охин жудо, чөлөөт бөхийн спортоор хичээллэж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртэж явжээ.

Хувь заяаны тохиолоор амьдралаа холбосон тэд унага тамгалах ёслолын үеэр анх танилцсан түүхтэй. Цэргээс халагдаж ирээд удаагүй залуу уурганд гаргууд нэгэн. Унага тамгалах ёслолд уригдан очиж, морь уургалж өгөхөд өмнө нь харж байгаагүй охин түүний харцыг өөрийн эрхгүй татсан гэнэ. Орой найранд очиж, зориг гарган танилцснаар хайрын түүхээ эхлүүлж, хосын заяаг түшжээ.

No description available.М.Шинэсар анх ирээдүйн ханиа өөрөөс нь ахимаг настай гэж харсан ч үе тэнгийн гэдгээ үерхэж эхлэхдээ мэдсэнээ хэлж, инээмсэглэв. Тэдний анхны болзоо малын бэлчээрт өрнөжээ. Ц.Түмэнжаргал “Хоёулаа хамтдаа хонио усалъя” гэж утсаар ярьж, уулзжээ. Анхны харцаар дурласан залуу сэтгэлээ илчилснээр үерхэж эхэлсэн байна. Тэрбээр эхнэрийнхээ сайхан аашинд татагдсан бол М.Шинэсард гэнэн цайлган зан, халамжтай байдал нь таалагджээ. 

Гурван сайхан охин үр төрүүлж өгсөн нь ханьдаа барьсан хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй бэлэг гэж боддог хэмээн инээмсэглэх бүсгүй монгол ахуй, хөдөө нутаг амар амгалан амьдралыг мэдрүүлдэг гэв.

2015 онд гэр бүл болж өнгөрсөн оны өвөл бүл нэмэхэд Ц.Түмэнжаргал адуугаа оторлуулахаар явахдаа “Миний хань сайхан амаржаад, тэнхрээд байж байгаарай” хэмээн захижээ. Тэр бүгдийг эхнэр нь ойлгоно. Цас, зудтай үед малаа харж, маллах нь малчин хүний үүрэг. Хоёр биенээ цаг тутамд ойлгож, эхнэрээ сумын төвд хүүхдүүдээ сургуульд зөөх үед Ц.Түмэнжаргал гүү, үнээгээ сааж, сүү саалиа борлуулах ажлаа ягштал хариуцна. Харин хань нь  тэмцээнд оролцох эсвэл адуу, малныхаа ажлаар хэд хоног эрэлд явахад хонио хариулж, үхэр, тугалаа хотлуулна. Гэрт орж эм гадаа гарч эр гэдгийн адилаар амьдрал зохиосон мөчөөсөө хойш нэгнийгээ байхгүй үед арын албыг ийн хариуцжээ.

Хөдөөгийн амьдрал... Үүрийн гэгээтэй уралдан босохоос тэдний нэг өдрийн ажил эхэлнэ. Урд өдөр нь хийсэн ажлаа дахин давтан хийнэ. Өвлийн хахир хүйтэн, зуны аагим халууныг үл тоож малаа маллана. Ядарч, зүдэрлээ гэх үгийг амнаасаа ган хийлгэхгүй. Учир нь тэдний сонгосон зам. Малаа хүүхэд шигээ хайрлана. Хавар мал төллөх үед бүтэн нойртой хонохгүй. Гэрээсээ чимээ чагнана. Хонь хургалахад яаран гарч, амлуулна. Хаврын салхи, шуургатай өдрүүдэд хургануудаа гэртээ байрлуулна. Жилийн дөрвөн улирал ээлжлэн эргэлдэж, цаг хугацаа улирав ч тэд хийдэг ажлаа өдөр бүр давтана. Гэхдээ малын ашиг шимээ хүртэж, аз жаргалтай амьдарч байна.

No description available.Ц.Түмэнжаргалын хувьд нутаг усандаа төдийгүй олон удаа “Адуучин” тэмцээнд алгасахгүй оролцож, амжилттай оролцож байжээ. 2019 онд Төв аймагт зохиогдсон тэмцээнд түрүүлж мотоцикл өнгөрсөн жил “Адуу өв тээгч”-д оролцож отрын гэрээр шагнуулж байжээ.

Хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч залуу гэр бүл тэс өөр бодолтой. “Буянт малаа маллаж, ашиг шимийн хүртэж, үр хүүхдээ монгол ахуй соёлтойгоо ойр өсгөж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Малчдыг соёлын өвийг тээж байгаа гэж боддог. Хөдөөгийн буйдхан талд танилцаж, амьдралаа эхлүүлсэн. Цаашдаа ч малаа маллана” гэдгийг М.Шинэсар хэлж байв.

Хоёр биенийхээ нэг тал болсон хосууд үр хүүхдэдээ үнэтэй өв хөрөнгө үлдээхийг хүсдэггүй. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, хүнийг хүндэлдэг. Ядарч яваа хэн нэгэнд сэтгэлээсээ тусладаг энэрэнгүй сэтгэлтэй иргэн болгож өсгөхийг эрхэмлэдэг эгэл жирийн ээж, аав. “АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ” аз жаргалыг итгэл дээр тогтдог гэж хоорондоо ярилцах хосуудын харцнаас хайр л мэдрэгдэнэ.

С.Ичинхорлоо

No description available.

No description available.