Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөний 50 мянган төгрөгийг хадгална

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулж Сангийн сайд Б.Жавхлан "Төрийн өмчит компаниудад гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Компани тус бүр дээр эрсдэлийн үнэлгээ хийж байгаа. Үүний үр дүнд энэ жил 180 тэрбум төгрөг төлөвлөж байсан бол ирэх онд 250 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилго тавьж нийт 430 тэрбум орж ирнэ гэж харж байна.

Дотоодын эцсийн худалдан авагч нартаа буцаан олголт хийдэг цөөхөн орны нэг нь манай улс. НӨАТ-ын системд эдийн засаг харьцангуй дасан зохицсон. Урамшууллын үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Гэхдээ хамрагдалтын хэмжээ 67 хувьтай байгаа. Үүнийг дор хаяж 90 хувьд хүргэх зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацааны процесс, энэхүү зорилгодоо харахад 5-10 жил болох болов уу. Тэр үед НӨАТ-ын бүтэц, хувь хэмжээг ярих нь зүйтэй. Одоо бол цаг нь арай биш байна. 

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр олгоно. Хуримтлалтай хүүхэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хүүхдийн мөнгөтэй уялдуулна. Ирэх оны долдугаар сарын 1-ийг хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Хэрэглэж болно. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно" гэсэн хариултыг өгсөн юм.