Х.Нямбаатарын орлогчоор Б.Солонгоо ажиллана

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан генерал С.Баатаржавыг Монгол Улсаас Унгарт суух Элчин сайдаар томилсон. Энэ хүрээнд тус яамны Дэд сайдын орон тоо саяхныг хүртэл эзэнгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын ээлжит хуралдаанаас тус албанд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоог томилжээ. Б.Солонгоогийн хувьд Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж эхэлснээс хойш Оюу Толгойн гэрээг өөрчлөх, хэлэлцээрийн ажлын хэсэгт багтан ажиллаж буй. 

1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын "Өөтвөш Лоранд"-ын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгссөн байна. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль,  2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй ажээ. Б.Солонгоо нь  2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч,  2017 оноос "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллажээ.