Д.Зүмбэрэллхам: Ковидын хуулиар томилсон албан хаагчдыг үе шаттайгаар чөлөөлнө

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлүүдийг чадавхжуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонслоо.

Коронавируст халдвар (Ковид19)-ийн цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилж эхэлсэн. Уг хуулийн 3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж байгаа юм. Тус хуулийн үйлчлэл энэ онд дуусгавар болно. Түүний дараа төрийн албанд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчдыг хэрхэн талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам мэдээлэл өглөө.

Тэрээр "Ковидын хуулийн дараа энэ асуудлыг яаж засаж залруулах вэ гэдгийг ярилцаж байгаа. Хүндрэл үүснэ. Хуулийн дагуу томилсон хүмүүсийг бүгдийг нь чөлөөллөөд сонгон шалгаруулалт явуулъя гэхээр төрийн албаны ажил цалгардана. Тиймээс энэ асуудлыг үе шаттайгаар шийднэ. Төрийн албан хаагчид бүгд ийм болчихоогүй учраас ард нь гарч болно" гэсэн юм.