Б.Ганхуяг: Зардал гаргахын тулд бизнес хийнэ гэдэг бол субботник

МҮХАҮТ, “Монгол нүүрс” ассоциаци хамтран “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Сүүлийн хоёр жилийн хугацаанд АМНАТ, жишиг үнийн талаар ихээхэн ярилцах болсон билээ. Уурхайнуудын нөхцөл байдлын талаар санал солилцоход жишиг үнэ нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүрч байна. Гэрээний биш жишиг үнээр татвар тооцож байгаа нь хүндрэл учруулж байгааг олон аж ахуйн нэгж хэлсэн. Шинэ сэргэлтийн талаар ярьж буй энэ үед бид аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Эрэлт хэрэгцээ асар их өсөж байгаа ч цар тахлын улмаас нийлүүлэлтээ хангалттай хэмжээнд хийж чадахгүй, дотооддоо зардал их өссөн байхад Хятадын биржийн индексийн үнээр татвар тооцож байгаа нь ихээхэн зардлыг бий болгосон" гэсэн юм.

Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар зарим мэдээллийг өглөө. Тэрбээр "Ковид"-оос дутахгүй хоёр дахь дарамт нь АМНАТ болсон. Бид аравдугаар сарын 20-ноос хагас коксжих болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг зогсоосон. 13-14 ам.доллароор борлуулчихаад 15 ам.долларын АМНАТ төлөх нь бизнес биш. Олборлож гаргахын тулд ч зардал гаргаж байгаа. Зөвхөн зардал гаргахын тулд бизнес хийнэ гэдэг бол субботник юм.

Коксжих нүүрсний байдал хүнд байна. "Эрдэнэс Тавантолгой" нийт 2.4 их наяд төгрөгийг улсад төвлөрүүлсэн байдаг. Үүний 2.2 их наядыг сүүлийн дөрвөн жилд төвлөрүүлсэн. Өндөр ачаалал авч байна. Бүх төрлийн татвар хураамжаа төлж байна. Үүн дээр нэмээд нийгмийн хариуцлага, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул компани их хэмжээний зардлыг хувьцаа эзэмшигчдийнхээ сайн сайхны төлөө, төрөөс өгсөн чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн. Давхар АМНАТ-ын дарамт авч болохгүй. Юманд учиртай байх ёстой. Харилцан ашиг олох гэж байгаа гэдэг утгаар биш, хэрэв төр татвар хураамжаа авах гэж байгаа бол татварын шударга, эн тэнцүү зохицуулалттай байх ёстой. Хэдийгээр АМНАТ 10% гэдэг ч жишиг үнээр тооцоход 34-37 хувийн татвар төлж байна" гэлээ.