Замын-Үүдийн чөлөөт бүсэд 323 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах төсөл иржээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Энэ үеэр "Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Замын-Үүд чөлөөт бүс Эрээн, Замын-Үүдийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батална. Хуульд хил дамнасан чөлөөт бүс гэсэн нэр томъёоны гажуудал үүссэн учраас эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон баталж чадахгүй байна. Хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2019 онд хоёр улсын засгийн газар баталсан боловч өнөөдрийг хүртэл УИХ-аар соёрхон батлуулж чадаагүй. 2016 онд хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-ээр “Замын-Үүд чөлөөт бүс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүн 1.6-2.3 хувиар өснө. 2025 он гэхэд 9400, 2030 онд 15 мянга, 2035 онд 18 мянган ажлын байр бий болгоно гэж үзсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2034 он гэхэд 2.9 тэрбум ам.долларт хүрнэ. Замын-Үүд чөлөөт бүсэд 2500 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжтой” гэсэн.

Замын-Үүд чөлөөт бүс нь Үйлдвэрийн бүс, тээвэр ложистикийн бүс, худалдаа аялал жуулчлалын бүс гэсэн дөрвөн чиглэлээр хөгжинө. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Замын-Үүд чөлөөт бүс байнгын үйл ажиллагаанд орсон. Хоёр сарын хугацаанд өдөр бүр 300 зорчигч, 120 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Байнгын үйл ажиллагаатай гурван дэлгүүр ажиллаж байна. Хоёр сарын борлуулалт тэрбум төгрөгт хүрсэн. 2015 оноос эхлэн уг бүсэд 66 ААН 100 га газарт газар эзэмшиж ирсэн. 66 ААН нийтдээ 323 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Замын-Үүд чөлөөт бүсийн захиргаатай гэрээ байгуулж, төслөө ирүүлсэн" гэдгийг "Замын-Үүд" чөлөөт бүсийн захирагч А.Энхзул хэлсэн юм.