Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцуулжээ
Сүйлж сүлжсэн 22 жил
Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж "БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД"-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Ж.Болормааг урьсан юм. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийг 1997 онд төгсчээ. Спортод сонирхолтой сурагч охины цагдаа болох мөрөөдөл нь "намхан" гэх шалтгаанаас болоод биеллээ олоогүй ч өнөөдөр өөрийн ертөнцийг хөдөлмөрийнхөө үр шимээр бүтээж, үнэнч үйлчлүүлэгчидтэй болоод амжжээ. Тэрбээр 1999 онд сүлжмэлийн үйлдвэрт орж, анхан шатнаас нь эхэлж, хийх аргачлалыг суралцаж, 22 жилийн турш тууштай ажилласан байна. "Хамаатны хүн "Сэлэнгэ нэттинг" үйлдвэрт орсон гэхээр нь дагаад ажилласан. Анх хятад багшаар заалгаж сурсан. Хэрхэн яаж хурдан сүлжих ёстойг зааж өгсөн. Хэл мэдэхгүй учраас буруу хийвэл багаж булааж аваад нэгбүрчлэн хийж үзүүлнэ. Нэг сарын хугацаанд сүлжмэлийг хэрхэн хийхийг сурсан гэж хэлж болно" хэмээн ажилд орсон түүхээ дурсав.
Ж.Болормаагийн анхны цалин 40 гаруй мянган төгрөг. Арван жилийн сургуулиа төгсч, ажлын байранд гарч өөрийн хөдөлмөрийг үнэлүүлсэндээ тухайн үед их баярлаж байсан гэдэг. Массын үйлдвэр учир ажил ихтэй. Цамц бүтэх эхний шат дамжлага буюу ар, энгэр, ханцуйг нь сүлжиж дараагийн үе рүү шилжүүлэхэд бэлэн болгоно. Арван жил эл ажлыг хийж, үйлдвэрийнхээ аварга ажилтнаар шалгарч байв.
Түүний дараа улсдаа томоохонд тооцогддог "ГОЁО"-д 2004-2010 он хүртэл ажилласан байна. "Сүлжигч авна гэсэн зарын дагуу очиж байлаа. Эхний гурван хоног дагалдан хийлгэнэ. Миний хувьд дагалдан хийгээгүй.Сайн ажилласан. Хамт олон маань их найрсаг сайхан ч хүлээж авч байсан. Тухайн үед гар сүлжигчид байсан. Одоо техник технологийн эрин үеийн хувьслаа дагаад бүхий л зүйл автомат болон шинэчлэгдэж байна" гэв.
Тэрбээр хийж байгаа ажилдаа шимтэн дурлаж, цалингаасаа сүлжмэл хийхэд хэрэглэгдэх машинуудаа худалдан авсан байна. Таньдаг хүмүүс нь холбогдож захиалгаар юм хийлгэх хүсэлт тавина. 2011 онд үндсэн ажлаасаа гарч, өрхийн үйлдвэрлэл эрхэлжээ. Өөрөө загвараа гаргаад хувцас хийхэд харсан ойр дотнынх нь хүмүүс захиалгаар хийлгэсээр хүрээ нь тэлэгдэж, хэрэглэгчдийн танил болсон байна. "Найз нөхөд, хамаатан, танилууд маань урам хайрлаж, захиалга их өгнө. 2010 оноос хойш эгч нэг ч удаа гаднаас ноос, ноолууран хувцас авсангүй. Надаар хийлгэнэ. 10 жилийн өмнө хийлгэж байсан хүмүүс одоо ч ирдэг. Хүний итгэлийг алдахгүй сэтгэлд нь нийцсэн хувцас хийж өгнө гэдэг үнэхээр сайхан санагддаг. Тоног төхөөрөмжөө нэг нэгээр зэхсэн. Нэг мэдэхэд машинууд гэрт багтахааргүй олон болсон байсан даа. Анх 12-ын сүлжих машиныг 400 мянгаар авсан. Цалин буухаар л заавал нэг юм авч тавина. Утас, багаж гээд хэрэгтэй бүхнээ л нөөцлөөд байсан" гэлээ.
Өрхөөр үйлдвэр эхэлж байсан бол өнөөдөр дүүргийнхээ өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд үйл ажиллагаагаа явуулж, өөрийн ажлын өрөөтэй болжээ. Сүлжмэл хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан төдийгүй шулуун, хэрээс, канзатай болсноор өөрөө цахилгаан болон шаардагдах оёдлыг хийдэг болсон байна. Бөс барааны болон гар урлалын дэлгүүрээр явахдаа цахилгаан, товч, шигтгээ авсаар байгаад халаасаа хоосолчихоод гарч ирэх үе түүнд олон. Үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй материалаа цуглуулсны хүчинд бүтээл хийх бүхий зүйл түүний урланд байна. 2010 онд хийж эхэлсэн улбар шар хар оруулгатай цамцыг хэрэглэгчид одоог хүртэл биед эвтэйхэн хийц загвар сайтай хэмээн захиалах дуртай. Автобусанд явж байхдаа өөрийнхөө хийсэн цамцыг харахад сайхан санагдсан хэмээх хэлэх Ж.Болормаа хийж буй ажилдаа сэтгэл хангалуун хүмүүсийн хэлсэн урмыг үгсээр урагшлах хүч авдаг байна.
Ноос, ноолууран хувцсыг хийхэд тоо бодно. Бүтэх явц ч мөн адил тооцоолол дунд өрнөнө. Энгийн загвартай цамцны нэг ханцуйг хурдан сүлжихэд 10 минут зарцуулдаг бол ар, урд энгэр 30 минут. Нэг цамцны эх бие бэлэн болоход нэг цаг. Холболт китель хийхэд мөн адил. Үүний дараа угааж, хатааж, индүүдэх процес руу шилжсэнээр гурван цагийн хугацаанд нэг цамц бэлэн болно. Хийц загвараасаа шалтгаалж, харилцан адилгүй хугацаанд бүтдэг талаар тодруулан хэлж байсан юм.
Ноолууран утасны олдоц ховорджээ. Тиймээс ноосон бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай утсаа хамтарч ажилладаг дэлгүүрээсээ авдаг байна. Ж.Болормаа бүтээгдэхүүнийхээ үнэлгээг иргэдийн худалдан авах чадамжид тулгуурлаж 35-150 мянган төгрөгийн үнэлгээг тогтоосон гэнэ. Цамц, өмд, малгай, ороолт, бээлий, даашинз гээд ноосон бүтээгдэхүүнийг бүгдийг хийх бүрэн боломжтой.
Хүн ямар загварын ноос, ноолууран хувцас хийлгэхийг хүснэ. Тийм загвар гаргана. Түүний ажил захиалгаа авч, загварын зурж гаргаж, тооцоолон боддог урлал юм. Хүн бүхний биеийн хэмжээ өөр учраас нарийн хэмжээсийн дагуу буюу тухайн захиалагчдад таарсан загвар гарна гэсэн үг. Сарын хугацаанд 60-70 бүтээл хийдэг бүсгүйн 20 гаруй жил хийсэн бүтээгдэхүүний тоо хязгааргүй их гэдэг нь хэн хүнд ойлгомжтой.
Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн хувцас хийж өгөхийг хүсдэг учраас "Баярлалаа. Сайхан болжээ" гэсэн үгийг сонсоод сэтгэл тэнийнэ. Хааяа нэг томдуулах эсвэл багадуулах тохиолдол санамсаргүй гарна. Тэр бүхэнд дахин засварлаж, тааруулж өгнө. "Миний хувьд захиалагчдаасаа урьдчилгаа авдаггүй. Захиалга гарсны дараа хүргэлтээр очиход таалагдвал аваад, таалагдахгүй бол авахгүй буцааж болно гэсэн сонголтыг үлдээдэг. Таалагдаагүй хувцасын "Чи захиалсан юм чинь авах ёстой" гэж тулгах утгагүй" гэв.
Цар тахал гарснаас хойш Ж.Болормаа ноос, ноолууран хувцасны загварыг өөрчилж, засварлана дахин шинэ бүтээл "төрүүлж" эхэлжээ. Өөрийн өмсч байсан ноолууран хувцасаа түүнд авчирч өгнө. Диталынхан дагуу задалж, хөвж, буцааж орооно. Ажлаа тарж, гэртээ хариад кино үзэж суухдаа уг ажлаа хийж шөнийн 02:00 цагт амрахаар хэвтэж, үүр цайхтай уралдан босч, урлан руугаа зүглэнэ. Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст төдийгүй үйлчлүүлэгчид "Ковид-19" цар тахал худалдан авах чадамжид сөргөөр нөлөөлсөн. Тиймдээ ч нэг хэсэг хувцасныхаа загварыг өөрчлүүлэх хүсэлт түүн рүү их ирсэн байна. Тиймдээ ч хэрэглэгчдийн саналыг найрсагаар хүлээж авч өөрчилсөн байна. Загвар өөрчлүүлж хийлгэх нь үндсэн бүтээгдэхүүний үнээс арай өндөр буюу 45-65 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг.
Хийж буй ажилдаа хичээл зүтгэлтэй ханддаг Ж.Болормаа үйлдэр болон компанийхаа шилдэг ажилтнаар шалгарч байсан нь түүний сэтгэлд дурсамж болон хадгалагдан үлджээ. "Говь"-ийн 25 жилийн ойгоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд уралдаан зарлаж, аварга сүлжигч шалгаруулахад "Чадварлаг сүлжигч"-ээр шалгарсан байна. Батламжаа харах бүрд өөрөөрөө бахархдаг хэмээн инээмсэглэх хөдөлмөрч бүсгүй цамц сүлжиж байсан гэнэ.
Ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, хэтийн зорилгоо тодорхойлжээ. Өвөл ноос ноолууран бүтээгдэхүүн хийхээс гадна урин дулааны улиралд даавуу нь хувцас хийх аж. Хэрэглэгдэх тоног төхөөрөмж болох машинуудаа хэдийнэ авчээ. Охин нь Урлах эрдэм дээд сургуулийн дизайнерын ангид суралцдаг учраас хатгамалтай шинэлэг загварууд өнгөрсөн хавар гаргахад трэнд загвараар тодорч, залуусын харцыг татсан гэнэ. Ирэх онд илүү ихийг бүтээж, сэтгэлдээ төсөөлсөн бүхэн бодит болон биеллээ олно гэдэг итгэлтэй байна.
С.Ичинхорлоо
Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/bolormaa.boloroo.5264/photos хуудсаар болон 99166138 утсаар холбогдоорой.