Л.Эрдэнэчулуун: Эдгээр хүний толгойг илээд байвал шүүхийн нэр хүнд сэргэхгүй

2021 оны гуравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах бүрэн эрх бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах журмыг тогтоосон. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулсны үндсэнд томилгооны сонсгол хийж, томилохоор заасан юм. Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулж буй бөгөөд хуульд зааснаар шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага юм. Тус Хороо нь орон тооны есөн гишүүнээс бүрдэнэ. Гишүүдийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгож, томилно. Үүнд, хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох бол шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаарр УИХ томилох юм.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснээс сонгон шалгаруулалтын явцад нэг хүн нэрээ татсан тул 23 хүнийг сонгон шалгаруулалтад оролцуулжээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 19-нд хуралдаж УИХ-д санал болгох нэр дэвшигчдийг тодруулж, ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд танилцуулсан байна.

Томилгооны сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та бүхнийг УИХ нэр дэвшүүлээгүй. Өөрсдөө хараат бус, шударга ажиллаж чадна гэж нэрээ дэвшүүлж орж ирсэн. Шүүгчдийг шүүх гэж буй учир шүүгчээс илүү мэдлэг, ур чадварыг та бүхнээс шаардана. Та бүхэн олиггүй байвал бидний хийсэн шүүхийн реформ нурж унана, сайн ажиллавал эерэг өөрчлөлтүүд гарна" гэдгийг онцолсон. Үүнээс гадна нэр бүхий шүүгчтэй холбоотой ёс бус асуудал дахин гарвал ямар хариуцлага тооцох талаар асууж, тодруулсан юм.

Уг асуултад нэр дэвшигч Л.Эрдэнэчулуун "Зарим нэг нь миний таньдаг, миний удирдлага дор ажиллаж байсан шүүгч. Тэдний үйлдлийг хараад үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Тэд үнэхээр ёс зүйгүй үйлдэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсан учраас одоогийн бүрдэх Сахилгын хороо энэ хэргийг хянан шийдвэрлэнэ. Хөөн хэлэлцэх хугацаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болчихгүй л бол эдгээр хүмүүст хариуцлага зайлшгүй тооцох ёстой. Шүүгч ёс зүйгүй үйлдэл гаргаж хэрхэвч болохгүй. Шүүгчийг таньдаг байхаас үл хамаарч хариуцлага тооцох учиртай. Үүний үр дүнд шүүхийн нэр хүнд сэргэнэ. Толгойг илээд өнгөрөөгөөд байвал шүүхийн нэр хүнд сэргэхгүй" гэсэн юм.