Монгол Улс Зүүн хойд Азийн бизнесийн холбоог даргалахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Дарга Т.Дүүрэн нар ОХУ-ын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Сергей Михневичтэй албан уулзалт хийсэн байна. 

Уулзалтаар талууд Зүүн хойд Азийн бизнесийн холбоог 2022 онд Монгол Улс даргалж, холбооны уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар ярилцжээ. Мөн Евроазийн эдийн засгийн холбоо /EAEU/-ны Бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллах, ОХУ-ын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбоотой хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд ярилцаж, санал солилцсон байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин айлчлалын үеэр байр сууриа илэрхийлэхдээ “ОХУ-ын "Росконгресс" бол бизнес форум зохион байгуулдаг томоохон байгууллага. Сүүлийн хоёр жил ковидоос шалтгаалж янз бүрийн зүйлд оролцож чадсангүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр Орос, Монголын худалдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалж 20 хувиар унасан байна. Шинэ түвшинд гаргахад бид тус байгууллагатай хамтарч ажиллахаар боллоо. Дан ганц ОХУ гэлтгүй Монголд харилцан хөрөнгө оруулалт, худалдаа тэр дундаа уул уурхайг дэмжих чиглэлээр яриа, хэлэлцээрийг хийлээ. Ирэх 2022 онд Орос, Монгол, Хятад гурван улсын танхимын дээд хэмжээний уулзалт болно. Энэ үеэр дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд гаргах зэрэг бүхий л боломжийг ашиглах зүйл өргөн хүрээнд ярилцлаа. Хоёр талын бодол ижил байгаад туйлын талархалтай байна. Монголоос ОХУ-руу гарах экспорт хангалтгүй байна. Махны экспорт бүр зогссон байна. Гурван улсын форум болно. Үүгээр эдийн засгийн коридорыг байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Ирж байгаа боломжоо илүү давуу тал богож бүрдүүлэх ёстой" гэсэн юм.