Ц.Болорчулуун: Улаанбуудай, хөх тарианы гурилыг БНХАУ руу экспортолно

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын нэр бүхий 13 үйлдвэрт гурил экспортлох зөвшөөрөл өгөөд буй. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууны хэлснээр БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас 2019 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 13 үйлдвэрт тус улсад мөрдөгддөг гурилын стандартын заавар зөвлөмж ирүүлжээ. Зөвлөмжийн дагуу холбогдох материалыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн байна. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд улаанбуудай, хөх тарианы гурилыг БНХАУ руу экспортлох зөвшөөрөл олгожээ. Энэхүү зөвшөөрлийн дагуу Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжихөд хувь нэмэр оруулна. Мөн тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа аж.

Засгийн газраас тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, тариаланчдад үзүүлсэн дэмжлэгийн үр дүнд 2021 онд улаанбуудай 567 мянган тонн, төмс 181.5 мянган тонн, хүнсний ногоо 118.6 мянган тонн, малын тэжээл 28.3 тн-ийг хураан авсан юм. Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд 2020 оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173.4 мянган тонноор, үүнээс улаанбуудай 155.8 мянган тонноор, тэжээлийн ургамал 130.8 мянган тонноор, тосны ургамал 32.3 мянган тонноор, хүнсний ногоо 3.6 мянган тонноор тус тус ахисан үзүүлэлт болсон аж.