Хүлээсгүй ХҮСЭЛ-2

Түрүүч нь https://uzeg.info/i/3585

Эмзэглэл, бахархал, нулимснаас "төрдөг" бичвэр

Яруу найраг, сэтгүүлзүйг үзэг, цаасгүйгээр төсөөлөшгүй. Үүнтэй агаар нэг Эмүжинд заяасан өгөгдөл нь цэвэр бичгийнх. Гэхдээ эрх чөлөө, эгэл жирийн амьдрал нь илүү үнэ цэнэтэй. Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд хийх ёстой юмаа л хийж, түүгээрээ явж байна. Сэтгэлийг нь юу эмзэглүүлж, бахархал төрүүлнэ, гал асааж, оч хаяна, нулимс авчирна тэр бүгдийг барьж авна. Судална, бичнэ, бусадтай хуваалцана. Гавьяат тамирчин Д.Цэндбаатартай холбоотой нэгэн постыг нийгмийн сүлжээнээс олж харав. Мэдээж бокс мэдэхгүй. Мэдэхийн тулд судална, боксыг бас Цэндээгийн тухай. Өөр сэдвийн хувьд ч мөн адил. Бичихийн тулд судалгаа хэрэгтэй. Хэрвээ тэр эдийн засагч мэргэжлийг сонгосон бол хэдхэн сэдвийг тойрох байв. Магадгүй койн гаргана гээд явж байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү өөрийнхөө үзэл бодлыг дагаж, дотоод хүнээ сонсож, сонголтоо хийсэн нь өнөөдрийн мэргэжил. Уул уурхай, эдийн засаг, макро, микро түвшин зэрэг салбар болгон руу хөврөдөг нь энэ мэргэжлийн онцлог, энгийн шаардлага. Инээмсэглэл, омогшил, бахархал, гомдол авчирч байвал сэдвүүдийг барьж байна.

Тэр яруу найрагч уу, эсвэл сэтгүүлч үү?

Энэ асуултын хариулт маш энгийн. Ердөө л ээж, эмэгтэй, бүсгүй хүн талаас нь хамгийн түрүүнд олж харахыг тэр хүсдэг. Харин яруу найрагч, сэтгүүлч гэдэг нь эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил нь. Заримдаа хүү нь хэлнэ. “Ээж ээ, Та юм бичээд суухаараа хажууд огт байхгүй юм шиг. Эсвэл би өөрөө байхгүй юм шиг болдог” гээд л. Юм хэлсэн ч сонсохгүй гэж зэмлэнэ. Шүлгийг хүссэн цагтаа бичнэ. “Сүүлчийн хоргодох газар”-aa машинаа граашт тавьчихаад гэртээ орж ирээд цаасан дээр шууд буулгажээ. Оюун бодолд ямар байдлаар орж ирнэ, тэрүүхэндээ шууд буулгана. Бусдаар өөрчилж, гоёмсог, өвөрмөц болгох гэж тунгааж, хичээхгүй. Тэр мартамхай гэнэ. Үүндээ баярлана. Сайхан, муухайтай нь мартах нь амар. Зарим сэдвээр гэнэн дуугардгаа мэднэ. Эгэл хэрнээ гэнэн. Бүх юмны язгуур нь сэтгэл зүрх гэдэг шиг бичих бүрдээ "шатна".

"Хөвгүүдийнхээ өлмийд дэвсэх шүлэг" нь өглөөний 05.20-д сэрэхэд мөр, мөрөөрөө толгойд нь ороод иржээ. Гал тогооныхоо өрөө рүүгээ яаравчилж, буулгалаа. Цэвэрхэн А4-ийн цаасан дээр цэнхэр чернилиэр бичив. Нугаларсан эсвэл ардаа бичигтэй бол бичихгүй. Бичиг цаасны ажилд угаас цэвэрхэн, цэгцтэй ханддаг нь түүний зан. Тийн буулгасаар эргээд унших гэтэл нулимс нь хаачихаад уйлж орхилоо. Овоо гайгүй уужирчихаад уншихаар дахиад л өмөрнө. Зүрх сэтгэлээс нь төрж байгаа юм байлгүй. "Битгий уйл миний Монгол", "Өнчин зүрх шиг эх орон" зэргийг асар шатаж, уурсаж, уйлж, оч хаяж, эмзэглэж, догдолж, гомдоллож бичсэн гэдэг. 

Улдсан адуу шиг эх орон шүлгийн

Дэлүүн болдог шигээ ихэмсэг оршиход чинь түшмээр байна 

Дэлт уулсын оргил мэт цэх зогсоход чинь бахархмаар байна... Эдгээр мөрийг бичихдээ, дараа нь уншихдаа ч өөрийн эрхгүй өмөрнө. Гунигтай санагдана. Ард түмэн гэдэг агуу. Удмаа таслахгүй төрсөөр байдаг юм. Гэвч харсаар байтал 10 жилийн дараа юунд ч хүрч чадахгүй ид залуу нас нь өнгөрчихсөн, гундуу явааг нь харахаар халагламаар... Энэ залуугийн хүрч чадаагүйд хүү нь хүрчихээсэй зэрэг бодол толгойд эргэлдэнэ.

Хүүхэд байхдаа өөрийн мэдэлгүй сэтгэлд хоногшсон юм нь маргааш, нөгөөдөр, ирэх оноор бус тав, 10, 30 жилээр төсөөлдөг бодрол. Оюун санаанаас ургасан өгүүллэгүүдээ тийм хандлагаар байдлаар бичнэ. Тэр хэрээрээ шалгуур нь өндөр болно. Аливаа юманд олон өнцөг бий. 30 жилийн дараа Эмүжингийн гаргасан олон өнцгөөс ганц нь ч үлдэж мэднэ. Олон талаас нь хумьж базаж өнцөг гаргах нь ухаан гэхээсээ сэтгэл зүрхнээс гардаг дуудлага. Түүнийг харж, тэмүүлж чадах алс, хүсэл, тэмүүлэл, харууслыг бичвэрээс нь харж болно. 

Хүссэн хүсээгүй хүн судлаач болно. Хааяа нэг машинаа тавьчихаад хүмүүсийг ажиглана. Өөр өөрийн дүр зураг. Утсаар ярьж байгаагаас, бусад руу харах харц, хөмсөгний хөдөлгөөн, царайны хувирал, алхаа, дуу хоолойноос энэ бүгд анзаарагдана.

Нэг удаа Бөмбөгөрийн урд явж байв. Намирсан урт булган дээл, малгай, годон гуталтай, гараараа дүүрэн алт зүүсэн эгчмэд бүсгүй хүүхэдтэйгээ утсаар ярьж яваатай таарав. “Хичээлээсээ ирсэн юм уу? Түлээгээ хагалсан уу?, Галаа түлсэн үү?, Нүүрсээ оруулсан уу?”... Бодвол хүүтэйгээ ярьж байгаа бололтой. Уг нь өөрөө нэг өрөө байрны мөнгөөр хувцаслачихсан яваа хүн. Жигтэй мөртлөө эгдүүцэл төрүүлэм. Хүн юунд хөрөнгө оруулах вэ? гэдгээ ойлгох л ёстой. Нэн түрүүнд амьдралын нөхцөл байдал, хүүхдийнхээ боловсролыг дээшлүүлэх байтал хэрэглээндээ хэт анхаарч, чамирхах нь зохимжгүй. 

Хураасан хуримтлалаараа орон сууц, машин авч номоо хэвлүүлэв

Эмүжингийн амьдрал ийм л зарчмаар явсан. Казинод ажилладаг байхад нь нэг өрөө байрны үнэ 3.5 сая төгрөг орчим байжээ. 1996 онд “Өнөөдөр” сонинд ороод удаагүй байхад казиногийн тухай бүтэн нүүр реклам гардаг байв. Деллер авах тухай. Тодорхой хэмжүүр, шалгууртай. Тухайн үед өөртэй нь нэг үеийн цэл залуухан сэтгүүлчтэй ойр нөхөрлөдөг байж. Нэгээс хоёр нүүр материал биччихээд харих нь чамлалттай. Тэрүүхэндээ “хөгшин” ажил гэж тодотгоно. Ерөөсөө ингэж байхаар зөөгч хийе гэсэн бодол зурсхийв. Яг тэр үед “Казино Монголия”-д деллер авах зартай таарсан нь энэ. Шалгалт өглөө, тэнцлээ. Ажлын цагийн хуваарь нь ч боломжийн. Сониныхтой зөрж байна. Давхар ажил хийлээ. Хамт очсон үеийнх нь сэтгүүлч тодорхой шалтгаанаар ажилласангүй. 

Өдөр нь сонин, орой нь казинод. 10 сарын турш ажиллаад 8500 ам.доллартай болов. Анхны нэг өрөө байр, машинаа авлаа, шүлгийн номоо ч хэвлүүллээ. Сонины цалин амьдрал ахуйд, казиногийнх нь шууд хуримтлал болсон гэсэн үг. 10 сар ажиллаад гарахад нь “Яагаад гарах гэж байгаа юм. Сайн цалин өгч байхад гарч болохгүй” гэсээр Герман менежер нь иржээ. “Би өдөр тутмын сонинд ажилладаг, сэтгүүлч хүн” гэхэд “Мэдэж байгаа” гээд зөвшөөрөх шинжгүй. Гэвч хөзөр дэлгэх, тэнд үйлчлүүлж байгаа хүмүүсийн тамхины утаанаас Эмүжин хэдийнэ залхсан учраас хаалгыг нь бүрмөсөн хаажээ. Угаасаа тэсвэрлэхгүй юмаа тэсвэрлэхгүй. Нэг өдөр ч байж болохгүй юм байна гэж бодвол түүнийгээ л дагана. Тэгэхэд Казиногийн хуулийг батлах эсэх асуудал УИХ-ын босго давсан байсан үе. Эмүжин ч уг сэдвээр дагнан бичнэ. Ажлаасаа ч гарлаа, хэдэн сарын дараа казино ч хаагдлаа.

Казинод ажилладаг байхад эхнэртэйгээ хамт орж, ирж тоглодог байсан залуу орон сууц, автомашинаас эхлээд бүх хөрөнгөө алдчихаад буу барьж ирээд тааз руу буудсан гэдэг. Тухайн үед өөрөө байгаагүй ч хачирхалтай зүйлс олон тохионо. Боловсроогүй нийгэмд казиног хүлээж авах хандлага нь тийм л байжээ. Олон нийтийн боловсрол, санхүүгийн түвшин, амьдралын боломж казиног хүлээж авах боломж үнэндээ байсангүй. Тэр бүгдийг сонинд бичихдээ үйл явдал бүрээр тоочихгүй. Асуудлыг цогцоор нь хөндөнө. Казино бол казино. Тэндээс хөрөнгөжиж, мөнгөжинө гэдэг өөрөө өрөөсгөл. Харин тийш зүглэх, түүгээр үйлчлүүлэх монголчуудын 80-90 хувь нь өөр бодолтой. Гэнэт баяжихыг хүснэ. Гэнэн зандаа хөтлөгдөнө. Казино хөгжчихсөн орныхон ирэхээрээ таван доллар эргэлдүүлээд сууна. Хажууд нь манайхан өм цөм тавина. Том хожвол танхимд суугаа бүгдийг вискигээр дайлах нь энүүхэнд. БНСУ, Япон, барууны орныхонд тийм хандлага үгүй. Илүү хожсон ч нэмэхгүй. Алдсан ч, хожсон ч өнөөх л таван ам.доллар. 1997-1998 оны үе.

Мэргэжилдээ хайртай гэхээсээ дуртай

Сэтгүүлзүй өөрөө үнэний араас явна. Тодорхой шийдэлд хүргэнэ. Асуудал хөндсөн нийтлэлийг ар араас нь гурван цуврал бичихэд ямар нэгэн байдлаар парламент руу оруулж, шийдвэрлэхэд нөлөөлнө. Аль түвшинд нөлөөлж буйгаа сайн мэдрэх ёстой. Хэдэн төгрөгт худалдагдаж, эргэж буцахад тэр шүүмжлэлтэй ханддаг. Өөрөө хэлнэ лээ, “Сэтгүүлзүй өөрөө дарс захиалчихаад хүлээж суугаа хүмүүс шиг болчихлоо” гэж. Уг нь тийм биш. Эмүжингийн хэлснээр “Улстөрчдөд худалдагддаггүй, шүүмжлээд сууж байгаа нэг ч гэсэн хүн байгаад баярлах хэрэгтэй. Бүгдийг худалдаж чадахгүй” гээд омог бардам хэлээд суудаг зан бол яруу найрагчийнх. Тийм хэмжээнд хэлбэлзүүлэхгүйгээр төвийг сахиж, гол чиг шугамаар авч явдаг араншин сэтгүүлчийнх. Ортой л үг.

Өдөр тутмын сонинд ажилласан он жилүүдэд, Бал эрхлэгчийн удирдлагад явахдаа зарчим, хурд, хамгийн гол нь өөртөө шүүмжлэлтэй хандах чадварыг сурчээ. Бичсэн юмаа эргэж уншаад дүгнэлт хийх, дараагийн удаад илүү өргөн хүрээнд харах чадвар. Аль ч талаасаа сайн нийтлэл болсон атлаа үг үсэг, найруулгын алдаатай байвал шүүмжлүүлнэ. Асуудлаа бүтнээр нь олж харах, баримтаа цуглуулах, утга найруулгын алдаагүй буюу 100 хувийн гүйцэтгэлтэй байхыг сэтгүүлчээс шаардах нь “Өнөөдөр” сонин, Бал эрхлэгчийн зарчим. 23 настайгаасаа өдөр тутмын сонины гал тогоонд орж тасралтгүй 15 жил ажиллахдаа хувь хүний төлөвшлийг сурсандаа тэр одоо ч баярладаг.

Яруу найрагчид заримдаа хальдаг талтай. Харин цэвэр сэтгүүлзүйн нийтлэл, ярилцлага дээр суухдаа түүнийгээ хязгаарлах дадалтай болсон нь Эмүжингийн төлөвшил. Бичсэн шүлгээ 17-тойгоосоо олны өмнө дуржигнуулж, 23 наснаасаа Монголын томоохон хэвлэлд нийтлэл нь дурайж эхэлсэн болохоор од болох, олны танил байх гэж хичээх хэнээрхэл үгүй. Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд үүргээ биелүүлж явна. Эмүжин мэргэжилдээ хайртай гэхээсээ дуртай байдаг шалтгаан нь энэ.

"Энэ байдал чинь чамайг авардаг юм байна"

Хүн гэр орондоо өөрийнхөөрөө байна. Магадгүй байгалийн сайханд. “Гал тогоонд өсч, хөгширч, үхмээргүй байна” хэмээн Эжүжин ёжлонгуй инээмсэглэсэн нь учиртай. Үнэхээр ч тийм. Амьдарч байгаа газар нь заавал тоос шороогүй цэвэрхэн байх албагүй. Бүх хувцас индүүдлэгтэй байх ёсгүй. Тийм шаардлагыг гэр бүл, үр хүүхдэдээ тавьж, өдөр болгон цонхныхоо тавцанг арчих шаардлагагүй. Завтай үедээ цэвэрлэхэд болно. Заримдаа томоохон бүтээлийн ард гарчихаад угаалгын машиныхаа хажууд юм точигнуулаад зогсч байх сайхан. Зав чөлөөгүй үед угаалгын сагсанд хувцас овоорох нь асуудал биш.

Гэхдээ энэ хандлага хүүхдүүдэд нь арай өөрөө бууна. Шаардах ёстойгоо шаардана. Хэт нэг юманд автахгүйгээр өдрөө төлөвлөж сурахыг дадал болтол нь захина, суулгана. "Цагаа хуваарилж сур. Хэний ч гар харахгүйгээр хоолоо хийгээд ид” зэргээр. Бичгийн хүн болоод ч тэр үү сэтгэхүйн эмх цэгцтэй байдлыг давхар шаардана. Бага хүү нь дугуйландаа яваагүй бол бухимдана. “Зургаахан цагийн асуудлыг зохицуулж чадахгүй байж 60 жилийн асуудлыг яаж зохицуулах юм” гээд зэмлэнэ. 

Стресстсэн үедээ хүүхдүүтэйгээ ярилцана. Учир шалтгааныг эрэлхийлнэ. Тэднийгээ сонсоно, суралцана. Хоёр хүү нь заримдаа “Ээж яг жоохон хүүхэд шиг юм. Үүнийгээ боль. Том бол" гэнэ. Эмүжин аавыгаа өнгөрсний дараа ээжтэйгээ гурван жил хөрш айл амьдарчээ. Эцгээ байснаас илүү ээжтэйгээ дотно харилцаа тэгж үүсэв. Ээжийнх нь бүх төв цэг аав нь байсан болохоор л... Аав, ээж нь 48 жил буюу үндсэндээ хагас зуун жил хамтдаа амьдралыг элээсэн улс. Нэг удаа ээж нь “Чи жоохон хүүхэд шиг юм. Магадгүй ийм байдал чинь чамайг авардаг юм байна” гэжээ. Өглөө эрт боссон үедээ гал тогоо хавиараа эргэлдэж байгаад гарах тийш хандана. Тэр үед ээж нь орж ирээд “Чи яасан улс самарчихаагүй биз” гэнэ. Сонинд байхын тэгдэг байв.

Эмүжингийн автортой асуудал хөндсөн нийтлэл сониноос гараад ирнэ. Ухаан алдаж унах нь холгүй уншицгаана. “Охиноос болоод заримдаа хүний нүүр харахаас хэцүү юм” гэж аав нь хэлдэг байсан гэдэг. Хөдөөнөөс холбогдоно, “Тийм юм гарсан байна уу?, мэдэхгүй” гээд амыг нь таглана. Сүүлд ээж нь ийн ярьдаг болсон хэрэг.

Өглөө сэрэхдээ амандаа дуу аялна, орон дээрээ цовхчиж, дэвхцэнэ”, “Хорвоо дэлхий ийм уужим байхад яагаад муухай аашлах ёстой гэж?” гэсээр тэр хавиар гүйнэ. Яг л нар мандахыг анх удаа харж байгаа бяцхан охин шиг... Ээжтэйгээ хөрш явсан байрны зэргэлдээ хананд том хүү нь амьдардаг байв, 26-тай. Нэг өглөө дүрсгүйтмээр санагдаад босонгуутаа нохойтойгоо пижигнэтэл нааш, цааш гүйжээ. Гэнэт утас дуугарлаа. Очоод хартал хүү залгаж байна. Өглөөний 08.40 цаг болж байхад яагаад залгав гэтэл, “Ээж ээ болил доо, унтмаар байна” гэжээ. Хананы цаана “буулгаж” суугаа ээждээ ийн уурсаж, учирлав. Өөрийнх нь характер л тийм, тэрийгээ анзаарахгүй. Хавь ойрынхон нь анзаарснаа хэлнэ.

50 хүрэхээсээ өмнө гурван кг турах үүрэг

Хүү нь ээждээ ийм үүрэг өгчээ. 50 хүрэхээсээ өмнө гурван кг тураарай гэдэг. “Яах юм, би 170 см өндөртэй, 70 жинтэй. Хүн турааж яах гээд байгаа юм” гэхэд “Ээж ээ 50 хүрснээс хойш ерөөсөө турдаггүй” гэж байна лээ. Нэмж турахгүй бол болохүй шүү” гэжээ. Үндсэндээ хүүхдүүдтэйгээ ярихад Эмүжинд хориотой, хааж, хязгаарлах сэдэв гэж үгүй. Илэн далангүй ярилцана. Хүүхэд удам судраа, эцэг талаа сайн мэдэх учиртай. Хожим өөрийн үр хүүхдэдээ өвлүүлж үлдээнэ. Бага хүүдээ хэлнэ, “Чи миний хайраас төрсөн. Хайрын зулзага” гэнэ. Бүх юм ойлгомжтой байх нь амар. Бид өөрсдөө л хүнд болгодог болохоос амьдрал өөрөө асар энгийн.

Эмүжин хоёр хүүгийнхээ боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөлтөд хөндлөнгөөс нөлөөлдөг ээж биш. Том хүү нь 12 настайгаасаа ээжийнхээ ажилд туслажээ. Хувиараа сэтгүүл эрхэлж явахад нь дэм болов. Сэтгүүл гаргах шалтгаан нь ч том хүү нь байжээ. Учир нь, эдийн засгийн илтгэл зэрэг ээждээ хэрэгцээтэй баримт, судалгааг 14 настайгаасаа англиас орчуулж өгдөг байв. Дизайнаа ч хариуцна. 2015 онд хэвлүүлсэн “Хөх сарны явдал” дөрвөн боть романы эх бэлтгэлийг хүү нь хийсэн гэдэг. 

Хүүгийнхээ эл тэмүүллийг дэмжиж, “Зэрлэг алим” сэтгүүл эрхлэн гаргажээ. Сард нэг удаа гаргахаар тооцоолсон ч борлуулалт нь өссөнөөр 14 хоног болгож наашлуулсан байна. 64 нүүр сэтгүүлийн гуравны нэгийг том хүү нь хариуцна. Тэгж явсаар нэг өдөр “Миний хүү сэтгүүлч болох уу?” гэхэд татгалзжээ. Нэгэнт сэтгүүлч болохгүй юм бол сэтгүүлээ зарах тухай хэлэхэд ямар ч эргэлзсэн зүйлгүйгээр зөвшөөрсөн байна. Өөрөө ч кино найруулагч болохоор сургуулиа сонгосон байв. Харвардын их сургуулийн онооны босгыг давчихаад олон улсын харилцааны мэргэжил эзэмшүүлэх талаар ээжийн, эх хүний хувиар зөвлөжээ. Цагаа тулахаар өөрийн хүсэл мөрөөдөл, өөртөө байхгүй юмыг хүүхдээсээ хүсэх нь эцэг, эхийн зан. Шинэ үеийн Монголыг төлөөлж байгаа залуу хүн олон харилцаагаар дагнавал хэн хэндээ гоё. Гэвч найруулагч хийхгүй бол сэтгэл зүрхээ дагахаа больсон гэдгийг ойлго гэснээр Эмүжин санал "унажээ".

Үргэлжлэл бий.

С.Гандөл